Б.Наранхүү АН-аас урвах уу?

УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам цөөнх болж, дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний есөн суудалтай үлдсэн. Тус намын УИХ дахь бүлэгт Я.Санжмятав, С.Эрдэнэ, З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Наранхүү, Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Д.Мурат нар багтдаг.

Тэгвэл, хэт цөөнх, УИХ дээр ямар ч эрх мэдэлгүй болсон Ардчилсан намын бүлгийн нэг гишүүн Ардын намд “урваж” байгаа гэсэн мессеж улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Харин түүнийг хэн бэ гэсэн сонирхол Ардчилсан нам төдийгүй Ардын намынханд ч багагүй байгаа бололтой. МАН болон АН-ын удирдлагууд энэ асуудлыг олон нийтээс ихэд нууцалж байгаа юм байна.

Тэрбээр өмнө нь Ардын намын гишүүн байсан, МАН-ын өнөөгийн дарга нартай их л ойр дотно явдаг нэгэн гэнэ. АН-ынхан түүнийг М.Энхболдын хүн гэж хардаг тухай ч яриа байна. Ардын нам ялалт байгуулснаар түүнийг намдаа оруулах гэж МАН-ын дарга нар ихэд ятгаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Харин Ардчилсан намынхны хувьд энэ хүнийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэж хардаж байгаа сурагтай. Түүний эгч Ардын намаас нэр дэвшиж, УИХ-д ялалт байгуулсан. Өмнө нь М.Энхболдтой сайн харилцаатай байсан гэдэг утгаараа ч намынхандаа ийнхүү хардагдаж буй бололтой.

Өмнөх парламентын үед МАН-ын нэр дээр нэр дэдвшиж ялалт байгуулсан Д.Арвин намынхандаа гомдож, Ардчилсан намд элсч байсан түүхтэй. Харин энэ удаад АН-ыг задарсан үед ашиглаад ядарсан үед нь хаях хүн хэн бэ гэдэг л улс төрийн хүрээний өнөөдрийн “хачир” байх шиг.

Ардчилсан намын бүлгээс нэг гишүүн гарлаа гэхэд нийлбэр дүн өөрчлөгдөхгүй. Учир нь найман гишүүнтэй байж бүлэг байгуулах эрх үүсдэг. Харин ахиад хэн нэгэн Ардчилсан намыг орхивол тус нам УИХ бүлэггүй ч болж мэдэх юм.

Ж.ЭРХЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ