Л.Пүрэвбаатар УБТЗ-ыг үргэлжлүүлэн удирдана

Улаанбаатар төмөр замын даргын асуудал монголчуудын төдийгүй оросуудын сонирхлыг татсан асуудал байлаа. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын асуудалд Монгол, Оросын Засгийн газар нэлээд нухацтай хандаж, хэд хэдэн хүний нэр сонсогдож байсан ч одоогийн даргыг нь улираахаар болжээ.

Тодруулбал, ОХУ-ын Москва хотноо өчигдөр /2016.09.27/ Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын ерөнхий хорооны хурал хуралдсан билээ. Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг боловсруулан дээрх хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад байсан юм. Тэгвэл ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассаныг эх сурвалж мэдээллээ. УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлсэн ч ийнхүү оросуудын зүгээс Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Ингэснээр одоогийн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, ерөнхий инженер Г.Сэрээнэндорж нар үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болжээ. Л.Пүрэвбаатар дарга нь гурван жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар УБТЗ-ын даргаар 2014 оны нэгдүгээр сард томилогдосноос хойш 1,9 жил ажиллаж байгаа юм. Түүнийг анх томилогдох үед УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүн гэсэн яриа гарч байсан юм. Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн гэрээнд УБТЗ-ын даргыг гурав, гурван жилийн хугацаатайгаар ээлжлэн томилно гэж тусгагсдан байдаг. Гэхдээ УБТЗ-ыг сүүлийн 20 гаруй жил Монголын талаас томилж ирсэн бөгөөд энэ хугацаанд долоон хүнийг даргаар томилжээ. Энэ жишгээр ч УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлж, БТЗ-ын ерөнхий инженерийн албан тушаалыг Оросын талд өгөхөөр тохиролцсон гэсэн яриа гарсан ч ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров дээрх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ