Авлигад сэжиглэгдсэн хүмүүсийн зарим нь батлан даалтад гарчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгагдан, хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Н.Батсүх, С.Бямбадорж нарын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй учир АТГ яллах дүгнэлтийг гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээгүй тухай эх сурвалж мэдээллээ. Харин Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа аж. Тэгвэл сүүлд АТГ-ынханд баривчлагдсан нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал мөн л батлан даалтад гарчээ. Түүнийг АТГ-аас бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгасан юм.
Сануулахад, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар олгож, түүнийхээ хариуд хууль бусаар 200 сая төгрөгийн хахууль авч буй үйлдэл дээр нь цагдаагийнхан илрүүлсэн. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг.
Дээрх хэргийн араас өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.
Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгажээ.
Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ