Л.Гүндалай: Өөрийгөө төрд хэрэгтэй зайран гэж бодож байсан ч андуурчээ
Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.
-Сонгуулиас хойш та ямар ажлууд амжуулав, эсвэл амраад байна уу?
-Өчүүхэн намайг тоож ярилцлагад урьсанд баярлалаа. Сонгуулийн дараа хийх юм байхгүй, нэг ёсондоо амарч л байна. Хөвсгөл явж сайхан амарлаа. Саяхан Зүүн Германаар яваад ирлээ. Өөрийнхөө төгссөн сургуулиар очлоо. Танил германуудтайгаа уулзлаа. Тэндэхийн амьдрал их өөр болжээ. Баруун Герман Зүүн Германыг үнэхээр өөд нь татчихсан байна. Ямар ч үйлдвэр, аж ахуйн нэгжгүй жижигхэн тосгонд амьдрал тайван, сайхан байна. Буурал толгойтой хүмүүс дугуйн замаар дугуй унаад, хос хосоороо яваад л, бодох санах зүйлгүй, инээмсэглэсэн хүмүүс л байна. Тийм сайхан тосгоны амьдралыг хараад Монголоо бодлоо. Бид ямар ч байсан 100 жилээр биш юм аа гэхэд 50 жилээр хоцрогдож яваа юм байна.
-УИХ-ын сонгуулиас өмнө сошиалд нэлээн идэвхитэй байсан. Цахим хуудсуудаа ажиллуулахаа больчихсон уу?
-Би УИХ-ын сонгуулийн өмнө сонгогдоно гэсэн итгэлтэй байсан. Уг нь өөрийгөө төрд хэрэгтэй зайран гэж боддог байсан. Гэтэл андуурсан юм шиг байна. Ард түмэн намайг сонгоно гэсэн өөдрөг бодолтой байсан. Яагаад гэхээр миний хувьд хүүхдийн мөнгө санаачилсан, боловсрол мэдлэг, чадвар, туршлагаа бодсон ч би өөрийгөө төрд хэрэгтэй хүн гэж боддог. Ард түмний амьдралыг өөрчилж чадна гэсэн ирмүүн бодол байсан, тэр маань мохож байна. Тэгээд намайг сонгоогүй болохоор “Би ч хэрэггүй хүн юм байна” гэж бодоод, сошиал талаа хойш нь тавьчихаад, залхуураад л явж байна.
-Сонгуулийн үр дүнд аль нэг нам үнэмлэхүй ялалт байгуулна гэж та тооцоолж байсан уу?
-Жижиг тойрогт мөнгөний сонгууль болдог. Энэ бол маш том алдаа. Монгол Ардын нам жижиг тойрог дээр мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар ажилласан болохоор ялахаас өөр арга байхгүй. Би хэлээгүй юм шүү. Солонгос, Германд миний найзууд байдаг. Тэд “Монголын ард түмэн муу сонголт хийлээ, толгой муу байна” гэж хэлсэн.
-Иргэд ер нь яаж тооцоолж санал өгөөд байна вэ?
-Яг үнэндээ Монголын ард түмэн ухаантай байсан бол Ардчилсан нам тийм ч муу засаг бариагүй шүү дээ. Ардын нам үүнээс илүү засаг барьж чадах уу, чадаж байсан юм уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй байсан. Ингэтлээ дэмжих хэрэг байхгүй л байсан байх.
-Мөнгөний сонгууль болсон гэж та дээр хэлсэн. Таны тойрог дээр сонгуулийн ямар нэгэн будлиан гарав уу?
-Учир зүггүй мөнгө тараагаагүй байх л даа. Гэхдээ олон хүнийг ажиллуулж, ухуулах байр гаргаж, намынхаа хүмүүсийг маш идэвхитэй ажиллуулсан. Энэ бүхэн мөнгөөр хийгдэнэ шүү дээ. Миний сонгуулийн штаб 60 хүнтэй л байсан. Нөгөө нэр дэвшигчид дор хаяж 500 хүн, зарим нь 1000 гаруй хүн ажиллуулсныг үгүйсгэхгүй. “Надад саналаа өгөөрэй” гээд мөнгө өгч байгааг нь би хараагүй. Гэхдээ нууц яриа хөөрөө явсан байхыг үгүйсгэхгүй.
-“Ард түмнээ хайрлая” нам УИХ-ын сонгуулиас ямар үр дүн хүлээж байсан бэ?
-Дор хаяж гурав, дөрвөн суудал авах болов уу гэж бодож байсан.
-ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР Ч БАЙСАН “МЭРГЭЖЛИЙНХ” БИШ-
-МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Та Засгийн газрыг хэрхэн ажиллаж байгаа гэж харж байна вэ?
-Монгол хүн юм чинь улс орны бодлого хаашаа явж байна вэ гэдэгт санаа зовж харж л байна. Энэ Засгийн газар ямар ч байсан мэргэжлийнх биш. Их л сул, эрч хүч, бодлого муутай Засгийн газар юм болов уу гэж ойлгосон. Сайд нарыг нь хараад байхад тийм харагдаж байна. Ерөнхий сайд, намын удирдлага гээд бүх талаас нь харахад үр дүн гарахааргүй Засгийн газар байгуулагдсан байна гэж би хувьдаа л бодож байна. Ер нь төр барьж байгаа намын удирдлага ямар байхаас болдог. Манайхан сонгуульд санал өгөхөөсөө өмнө бодох ёстой. Санал өгөх гэж байгаа хүн нь ямар хүн бэ, ямар лидер вэ, улс орныг хөгжүүлж чадах шинж чанар түүнд байна уу гэдгийг ард түмэн сайн харах ёстой. Миний ойлгосноор улс орныг өөрчилж, шинэчилж, хөгжүүлэх хүмүүст дөрвөн шинж чанар байх ёстой.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, мэдлэгтэй байх ёстой. Наад зах нь англи хэлээр маш сайн ойлгож, уншиж, ярьдаг байх. Улс орноо хөгжүүлэхийн тулд бусад орны эдийн засаг, улс төр, туршлагын талаар маш их мэдээлэл уншиж, цуглуулах, судлах ёстой. Хоёрдугаарт, улс төрийн туршлага байх ёстой. Туршлагатай байж Засгийн газраа хамгаалж авч явна. Сайн явахад атаархагч нар унагаах гэдэг. Түүнээс яаж гарах вэ гэдэг туршлага байх ёстой.Гуравдугаарт, зориг хэрэгтэй. Эсэргүүцэл, шунал, атаа, хорсол гээд муухай хүмүүс байгаа. Тэдний эсрэг зоригтой дуугардаг байх ёстой. Дөрөвдүгээрт, ард түмнээ, Монголоо, хүүхдүүдээ, хөгжлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Сэтгэлээсээ ажил хийдэг хүнийг ард түмэн мэддэг. Энэ дөрвөн шинж чанар бүрдсэн лидерүүдийг Монголын ард түмэн харах ёстой.
-Тийм лидер Монголд байна уу?
-Монголд ийм лидер хаана байна?
-Эрүүл мэндийн салбар таныг сайд байх үеэс дээрдэж байгаа болов уу?
-Миний үед улс мөнгөгүй байсан. Одоо улс хөгжөөд мөнгөтэй болчихоод байна. Миний үед хөрөнгө оруулалт гэж байдаггүй байсан. Сүүлийн үед аль ч салбар хөрөнгө, мөнгөтэй болсон. Тэр мөнгийг буруу үрсэн. Эрүүл мэндийн салбар хамгийн чухал. Ядуу буурай оронд иргэд эрүүл мэндээрээ маш их хохирдог. Ийм үед эрүүл мэндийг онцгой анхаарах ёстой юм. Эрүүл мэндийн хувьд монголчууд бас л дөрвөн жил хохирох юм байна даа.
-Хамгийн чухал салбар хөгжихгүй байгаа нь таны хэлсэн лидертэй холбоотой юу?
-Дан ганц сайдын муугийнх биш байдаг. Гэхдээ миний дээр хэлсэн дөрвөн шинж чанар тодорхой хэмжээгээр байх ёстой. Яагаад гэхээр салбарын лидер хүн учраас. Дээр нь Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжээд хөрөнгө оруулалтыг нь хийх юм бол эрүүл мэндийн салбар хөл дээрээ босно. Сайд нь ойлгохгүй, Ерөнхий сайд нь бүр ч ойлгохгүй байвал энэ салбар хэвээрээ л байна шүү дээ.
-Сум, дүүргийн сонгуульд улс төрийн жижиг намууд, ялангуяа Арчилсан намтай хамтарч оролцож байгаа юм билээ. Танай намын хувьд бусад намуудыг дэмжиж ажиллах уу?
-Манай нам орон нутгийн сонгуульд оролцохгүй. Бид нарт тэгэх сонирхол алга.
-Орон нутгийн сонгуулийн үр дүнг та хэрхэн харж байна?
-Ард түмэн Ардын намд саналаа өгсөн дээр шүү дээ. Нэгэнт дээрээ 90 хувь Ардын нам авчихсан юм чинь.
-Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг дэмжиж оролцох уу?
-Хагас жилийн хугацаа байна. Сайн мэдэхгүй л байна. Ардын намдаа өгвөл дээр биз дээ. Бүх хариуцлагыг нь үүрүүлээд, нэг мөр дөрвөн жилийн дараа хариуцлагыг нь тооцох хэрэгтэй.
-Намынхаа ажлыг хийхгүй юм уу. Эсвэл 2020 оны сонгуулийн өмнө л намынхаа ажлыг эрчимжүүлье гэсэн бодолтой байгаа юу?
-2019 оноос улс төрийн идэвхи сэргэх байх. Тэр болтол би өөртөө амралт өгчихсөн байна.
-Амрахад арай удаан хугацаа биш үү?
-Зүгээр ээ, амрах сайхан шүү дээ. Бодох, санах зүйлгүй сайхан байна.
-Сонгуулийн өмнө дуу дуулаад “од” болоод байсан. Сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг байв уу, дахиад дуулах бодол байна уу?
-Би ямар дуучин биш. Одоо болох байх. Тэр үед сонгуульд л бэлтгэж байсан. Гоё дуу дуулья гэж боддог байлаа. Тэгээд “Монголоороо байгаасай” дууг дуулсан. Энэ дуу маш их утга, учиртай дуу юм шүү. Энэ дуугаар Монголын ард түмнийг тэмцээсэй, зоригтой байгаасай гэж уриалсан юм даа. Даанч монголчууд ойлгохгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ