О.Оюунгэрэл: Дүү минь бараг нүцгэн ирсэн

Хил дамнасан хүний наймааны золиос болсон О.Одгэрэл охины эгч Очирбатын Оюунгэрэлтэй ярилцлаа. “Өндөр цалинтай ажилд зуучилна, очоод долоохон хоноод буцаад ирнэ” хэмээн О.Одгэрэл нарын таван охиныг бичиг баримтыг нь нэг өдрийн дотор гаргуулан хууран авч явж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Бэй Жин Чиао гэх газарт аваачиж, өвөрмонгол эхнэр, нөхөр хоёрт нэг охиныг 2000 юаниар бодож зарсан байна. Дээрх охидоос хоёр нь л Монголдоо буцаж иржээ.

Охидыг 1989 онд төрсөн Цэдэвсүрэнгийн Халиун гэгч эмэгтэй авч явсан бөгөөд түүний хууль бус үйлдэл удаа дараа давтагдсаныг шүүхээс тогтоосон байна. О.Одгэрэл нэг нас хоёр хоногтой охиныхоо хамт сураг тасраад нэг сар болжээ.

-Анх хэдэн сард дүү чинь алга болсон бэ? Яг юу болсон юм бол?

-Анх манай дүү нэг нас хоёр хоногтой хүүхэдтэйгээ 2015 оны 12 сарын дундуур өвлийн тэсгим хүйтнээр алга болсон. Хайгаад олдохгүй, аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Ямар чхариу өгөөгүй долоо хоносон. Асуухад “Шийдвэр гараагүй байна” гэсэн хариу өгсөн. Сүүлдээ төрийн бус байгууллагад хандсан.Төрийн бус байгууллага буюу “Даяар Монгол”-ын н.Энхтайван гэж хүн надад “Тус болъё, би чамаас ямар ч мөнгө авахгүй” гээд бид хамтдаа гурван өдөр хайсан. Сураг сонсоод байхад нэг охинтой танилцсан байсан. Тэр охиныг түрээсийн байранд байдгийг сонсоод, Гандангийн дэнжээр хайгаад олоогүй. 2016 оны нэг сарын дунд хүртэл хүүхдийг нь олоогүй. Хүүхдийн асрах төв болон гэмтэл, моорог хүртэл орж үзсэн.

-Тэгээд эрлээ үргэлжлүүлсэн үү?

-Тийм ээ. Замын-Үүдэд байдаг дүү, О.Одгэрэлийн төрсөн ах О.Баттулгад хэлж хайлгасан. Удалгүй эрэгтэй дүүгээс Замын-Үүд гарсан байна гэсэн сураг дуулдсан юм. Алга болсон дүүгийн ах нь Замын-Үүдийн бүх буудлуудаар “Шинэ охин ирсэн үү авъя” гэж худал хэлж хайж эхэлсэн. Бүх буудлаар уйгагүй хайсан юм. Дараа нь Эрээн гарч хайсан. Тэнд ганцхан газар оруулахгүй байсан гэсэн. Тэнд байсан гэж сүүлд сонссон. Удалгүй О.Одгэрэл дүү над руу өөрөө залгасан. Би гайхаж “Хүүхдээ яасан бэ? Миний дүү хаана байна? гэж асуусан. Манай дүү Гандангийн тэнд байдаг нэг айлд хүүхдээ орхисон гэж хэлээд утас тасарсан. Би төрийн бус байгууллагынхантай хамт Гандан орчмоор хайж эхэлсэн. Хүүхэд энэ хавьд шинээр ирсэн үү? Хүүхэд уйлах дуу гарсан уу? гэж оршин суугчдаас асуусан.

shuuh

-Хэзээ хүүхдийг нь олсон юм бэ?

-Нэгдүгээр сарын 20-ноос хойш байсан санагдаж байна. Манай дүү утсаар над руу хүүхдээ үлдээсэн айлынхаа хаягийг хэлж, би бэрээ дагуулаад очсон. Очихдоо өргөдөл гаргасан Баянгол дүүргийн байцаагчид хүүхдийг нь оллоо гэхэд “Та очоод авчих, би завгүй байна” гэсэн. Гандангийн 60 айлын орон сууцны хажууд байдаг айлаас очиж авсан.

-Очиход ямар байдалтай байв?

-Би дүүгийхээ хүүхдийг танихгүй айлаас 100 мянган төгрөг өгч авсан. Тэр айлд дүүгийн найз нь аваачиж өгөөд “Түр харж байгаарай, мөнгө өгнө” гээд явсан байсан. Очиход тэр айлд маш их уйлсан байдалтай хатгаа авсан, халуурчихсан. Өлсгөлөн, бас дээр нь өвлийн хүйтнээр хувцасгүй шахам байсан. Очоод “Хүүхдээ авъя” гэхэд эхлээд “Өгөхгүй ээ, мөнгөө авчирсан юм уу. Мөнгөө өгөөдав” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “Энэ хүүхдийг чинь би асарсан, тараг, хоол унд өгч байсан. Надад 150 мянган төгрөг өг” гээд өгөхгүй байсан. Тэгээд 100 мянгыг өгсөн. Тэр эмэгтэй дүүтэйгээ холбоо барьсан гэж хүртэл мэдэж байсан.

-Та яаж манай дүүтэй холбоо барьсан гэж асуусан уу?

-Асуусан. Хамт явсан охины танил гэсэн. Манай дүү хүүхдээ найздаа үлдээгээд явсан юм билээ. Тэгсэн тэр найз нь хүүхдийг нь тэр эмэгтэйд үдээгээд, өөрөө араас нь явсан байсан.

-Дүүгээ яг хэзээ олсон бэ?

-Хүүхдийг нь эмнэлэгт үзүүлж баахан эмчилгээ хийлгэж байгаад удалгүй дүүгээ дахин хайж эхэлсэн. Дүү минь анх олдохдоо бараг нүцгэн ирсэн. Хоёрдугаар сарын 10-ндӨвлийн хүйтэнд шилэн трикотой, ханиад хүрсэн, сүрьеэ туссан ирсэн.

-Өөрөө ирсэн юмуу?

-Үгүй. Замын-Үүдэд цагаан хуудас даруулах гэж байхад ах нь нууцаар харж байгаад хуудсаа даруулаад, гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байхад нь гараас нь хөтлөөд Монголын хилээр аваад гарч ирсэн. Тэндэхийн цагдаад хэлсэн байсан болохоор араас нь очоод эндээс хуурч авч явсан эмэгтэйг барьж авсан. Тэндээ манай дүү болон хамт явсан охид нь байцаалтад орж, эмчийн үзлэгт орсон.

-Дүүтэй чинь хамт хэдэн охин байсан бэ?

-Хоёр охин ирсэн. Би тэдгээр охидын зардлыг эндээс шилжүүлж, Монголд хамт авчирсан.

-Эмчийн үзлэгт Замын-Үүдэд орсон юм уу?

-Тийм. Хамт байсан хоёр охин бэлгийн замын өвчин авсан гэсэн шинжилгээний хариу гарсан. Харин манай дүү азаар бэлгийн замын өвчин тусаагүй сүрьеэтэй болсон байсан.

-Дүүтэйгээ уулзаад яагаад Эрээн явсан талаар асуухад юу гэж хариулсан бэ?

-Та олон хүүхэдтэй, хажуугаар нь би тэжээлгээд байх хэцүү байсан. Тэнд маш өндөр цалинтай зөөгчийнажил байна гэж Халиунаа гэдэг эгч хэлсэн. Тэгээд долоо хоног ажиллаад нэг сая орчим төгрөг өгнө гэхээр ньнайзтайгаа хамт явсан гэж хэлсэн. Монгол охидыг маш хүнд нөхцөлд байлгаж байсан гэсэн. Хүйтэнд нимгэн хувцас өмсүүлээд, олон цагаар зогсоодог. Мөн өөрийн дураар ирчихээд битгий маяглаад бай гээд зоддог байсан гэсэн.

-Дүү чинь ирэхдээ цалин гэж хэдэн төгрөгтэй ирсэн юм бэ?

-Гар дээрээ ямар ч мөнгөгүй, эндээс авч явсан хувцсаа бүгдийг нь орхиод ирсэн. Яагаад гэхээр тэнд байхад та нарын өмсөж зүүсэн хувцас, идсэн хоол бүгд үнэтэй, цалингаас чинь суутгаад авсан шүү гээд мөнгө өгдөггүй байсан гэсэн. Дөнгөж очоод шууд л 2000 юаний өрөнд орсон гэсэн. Учир нь зардал, хувцас авч өгсөн, хоол унд гэх зэргээр тооцоо гаргаад, өрөө төлчихөөд яваарай гээд түгжээд гаргахгүй байсан гэсэн.

-Та хэдэн сард шүүхэд өргөдөл гаргасан бэ?

-Анх дүүгээ алга болоход Баянгол дүүрэгт хайж өгөөч гэж өргөдөл бичсэн. Удалгүй хүүхдийг нь олоод тэвэрч очоод “Хүүхэд энэ байна. Одоо ээж нь байхгүй байна” гээд олж өгөхийг гуйсан. Хүүхдийг яаж олж авснаа бичээд өргөдөл дахин бичсэн. “Ард түмний шударга шүүх” төрийн бус байгууллагын н.Ялалт ахад хандаж, зөвлөгөө аваад, Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Эрүүгийн цагдаа хариу хэлэхдээ урагшаа гарсан байна гэсэн. Миний гаргасан өргөдөл шийдэгдээгүй удсан. Нийтдээ зургаан сар болсон.

-Шүүх хурал хэзээ болсон юм бэ? Ямар шийдвэр гарсан бэ?

-2016 оны долдугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээр Ц.Халиунд хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх байсныг болиулаад нэг жил тэнсэн харгалзах ял оноосон юм. Бас манай дүүгийн эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг өгөхөөр шийдвэр гарсан.

-Одоо дүү чинь сэтгэл санааны хувьд ямар байдалтай байгаа вэ?

-Эхэндээ дөнгөж ирчихээд маш хэцүү байсан. Амиа хорлоно гээд барилгын дээвэр дээр хүртэл гарч байсан. Эгч нь энэ хугацаанд их юм үзлээ. Их ч хэцүү байлаа. Дүүгээ арай гэж аргадаж гуйж, уйлж, аргадаж байж арай гэж гайгүй болгосон. Тухайн үед цагдаад олон удаа очиж байцаалт өгөөд, сэтгэл санаа нь их хүнд байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ