УБТЗ-ын даргын суудал сая ам.долларт хүрсэн үү?

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын суудлаас мэргэжлийн төмөр замчин Л.Пүрэвбаатарыг зайлуулахын тулд МАН дээр томоохон дажин үүссэн тухай асуудал тус газарт газар аваад байна.

Тухайлбал, МАН-ын нөлөө бүхий эрхэм УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УБТЗ-ын орлогч дарга Д.Жигжиднямаа нарын нэрийг дэвшүүлж намдаа тодорхой хэмжээний хандив өгчээ.

Эдгээрээс хамгийн их анхаарал татаад буй хүн нь УБТЗ-ын орлогч дарга Д.Жигжиднямаа. Тэрбээр УБТЗ-ын транзит тээврийн хэлэлцээрийг зогсоон зөвхөн “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн экспортоос хараат байлгах сонирхлыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан баримтлан Д.Жигжиднямаатай хамтран 500 сая төгрөгийг намдаа тушаасан тухай мэдээлэл намынх нь эргэн тойронд хүчтэй яригдаж байна. Харин намын боловсон хүчинг хангалттай олон томилно гэж амалсан Л.Халтар, намдаа ахиу мөнгө тушаасан Д.Жигжиднямаа нарын мөрөөдлийг нэг хүн үнэ цохин гарч ирсэн нь УИХ-ын гишүүн асан Д.Загджав. Энэ хүн УБТЗ-ын даргын суудлыг нэг сая ам.доллараар үнэлсэн тухай Тусгаар тогтнолын ордноос намынх нь нөхөд гадуур нисгэж эхэллээ.

“РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровийн шахуу хуваарийг яагаад эвдэх болов

Ер нь яагаад тус суудал ийнхүү үнэнд хүрэв хэмээн асууж сураглахад сонирхолтой дүр зураг ажиглагдсан юм. Тодруулбал, “Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл” нэртэй олон улсын байгууллагын 25 дугаар нэгдсэн хуралдаан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус хуралд ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров, БНХАУ-ын төмөр замын дэд дарга болоод 26 орны 130 төлөөлөгч оролцжээ. ОХУ-ын ирээдүйн Ерөнхий сайд, авлигын эсрэг тэмцэгч гэж алдаршсан О.В.Белозёровтой Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар зорин уулзсан нь тус улсын элчин сайдын яамныхны гайхшлыг төрүүлжээ. 14-ны өглөө 08:00 цагт газардан 10:00 цагт гадны зочид төлөөлөгчдөд илтгэл хэлэлцүүлэн 13:00 цагт Транссибирийн төмөр замын сүлжээнд оролцогч улсуудтай хэлэлцээрт орж 16:00 цагт нутаг буцах шахуу хуваарьтай хүмүүстэй манай томчууд хуваарийг нь эвдэн уулзаж ихэд сонирхолтой яриа хөөрөөг хийжээ. Тэд УБТЗ-ыг Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор болгон ашиглах Казахстан, Манжуурын төмөр замаас илүү дөт, ашигтай гэсэн лобби уулзалтыг хийхээр ирсэн тэдэнтэй Монгол төрийн өндөрлөгүүд хувь нийлүүлэгчдийн хурлыг хурдан хийе, Ерөнхий хорооны гишүүдийг солъё, УБТЗ-ын даргыг яаралтай өөрчилж томилъё гэж уулзсан тухайг эх сурвалж мэдээлж байв.

УБТЗ-ын даргын суудалд улайрахын учир юу вэ?

Тиймээс л УБТЗ-ын даргыг яаралтай сольж дээр нэр нь дурьдагдсан гурван эрхмээс аль нэгийг томилохоор ийнхүү яаравчлах болжээ. Тэгвэл эдгээрээс хамгийн шанстай ардаа түлхээстэй нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа. Тэрбээр салбартаа олон жил болсон туршлагатай нэгэн хэмээн түүнийг мэргэжил нэгтнүүд нь үнэлдэг. Шаггүй ч менежер байх магадлалтай гэж байгаа. Гэвч “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон мэдээлэл ч өмнө нь олонтаа гарч байсан. Яг үнэндээ Эрдэнэт үйлдвэртэй эн зэрэгцэх Төмөр зам гэх вант улс транзит буюу дамжин өнгөрөх тээврээсээ багагүй орлого бүрдүүлдэг аж. Гэвч Тээвэр хариуцсан орлогч дарга Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан багагүй хэл ам гарах болсон байна. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болоод удаж байгаа аж. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “Ийст Винд” гэх компаниар тээвэр зууч хийлгэх ёстой гэсэн “ аман шийдвэрийг Д.Жигжиднямаа дарга гаргасан байх юм. Энэ асуудлыг төмөр замд ажилладаг наад захын хүээс асуухад л ам уралдан ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, энгийн төмөр замчид болон ачаагаа зөөлгөх гээд аргаа барсан компанийн захирлуудын яриагаар бол Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард дээрх эрхэм дарга байдаг гэнэ. Бүр баримт болгон хэлэхэд тэрбээр тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө дээрх компанийн захирал байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдын дунд тархсан байна. Уг нь бол дамжин өнгөрөх болон Улаанбаатарт ирэх ачааг хэнээр тээвэрлүүлэхээ эзэн нь сонгон үйлчлүүлэх эрхтэй.

Гэвч эрхэм даргын “Ийст Винд” компани давуугийн давуу эрхээр оролцох болсоор чамгүй хугацаа өнгөрчээ. Д.Жигжиднямаа дарга зөвхөн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд гараа дүрээд зогсохгүй худалдан авалтад нь оролцох болсон байна. Үүний ганцхан жишээ нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удаж байгаа аж.

Энэ мэт Д.Жигжиднямаа даргын эрх мэдэл нь савнаас нь халиад байгааг нь мэргэжил нэгтнүүд нь мэддэг ч хоолтойгоо үлдэхийн тулд хэлээ хазаад өнгөрдөг байна.

Тухайлбал, түүний уг үйлдлийг түүний хар багын найз, 10 жилийн анд болох Зам тээврийн сайд асан М.Зоригт түүний мэдсэн ч хамгаалж ирсэн бол одоо УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нөмөрт очжээ. Яг үнэндээ УБТЗ-ын орлогын эх үүсвэр нь транзит ачаа, төмрийн хүдрийн тээвэр байдаг. Төмрийн хүдэр экспортлогч ганцхан компаниас хараат болохгүйн тулд УБТЗ нийт орлогынхоо 60 хувийг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридороос олох төслийг эхлүүлжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг эдийн засгаар нь шахах, УБТЗ-аар үйлчлүүлэхэд өртөг өндөртэй болгох, төмрийн хүдрийн бизнесийг Монгол Улсад цор ганцаар хийх сонирхолдоо хөтлөгдөн ийнхүү УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Д.Жигжиднямааг дэмжин лоббидох болжээ. Угтаа бол УБТЗ-ыг хараат болгохын тулд 14.000 ажилтны ажил амьдрал, ирээдүйн баталгаа, Монгол Улсын хөгжлийг зогсоох шийдвэр гаргаж буй түүний үйлдлийг УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү, Р.Раш нар эрс эсэргүүцэж байгаа ч эрх мэдэл нь хүрэхгүйн улмаас ацан шалаанд ч ороод байгаа аж. Юутай ч өнөөдрөөс эхэлж УБТЗ-ын даргын төлөөх суудалд дээрх нэр бүхий гурван эрхмийн аль нь залрах бол гэдэг нь анхаарал татаж байна. Цаг хугацаа харуулах хойно хэн нь хэдэн төгрөг өгч тус суудлыг авсан удахгүй ил болох биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ