Г.Уянга: Хэдэн арав, зуун тэрбумыг олох боломж байгааг хэлсээр л байсан

УИХ-ын сонгуульд суудал авч чадаагүй намууд ерөнхийдөө нам жим байгаа. Ялангуяа Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгыг сонгуулийн дараа дуугүй байхгүй гэж олон хүн харж байсан. Гэсэн ч тэрээр ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандаж байгаагаа сонгуулийн дүн гарсны маргааш нь илэрхийлсэн бөгөөд одоогоор улс төрийн ажиглалт хийж, дараа дараагийн ажлуудаа төлөвлөж суугаа нь мэдээж. "Ард түмний сонголт ард түмэнд таалагдахгүй байгаад өөрийгөө буруутай гэж бодохгүй байна." хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсанаас нь үзвэл ард түмний сонголтыг буруутгаж "сонгогчдын өөрсдийнх нь үйлийн үр" гэж дүгнэж байгаа бололтой.

Тэрээр ярилцлагадаа "Олон нийтэд МАН-ын үйл ажил таалагдахгүй байна л даа, гэхдээ АН-ын үеийнхээс юугаараа өөр юм бэ? Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэгийн Засгийн газрууд ямар ялгаатай гэж? Ч.Сайханбилэг ч бас л ийм хэмнэлтийн бодлого гэгчийг оруулж ирээд дэвслүүлээд гарсан, сая ч бас тэглээ, эцэстээ аль аль нь өнөөх л гадаад зээл, “Стэнд бай” хоёроо л ярьж байна. Үүнийг мартчихсан уу? Ялгаа нь магадгүй тэр үед миний гаргаж байсан саналууд, бодит санаачлагуудад байгаа учраас үгүйлэгдэж байгаа байх. Давтаж хэлээд яах вэ? Хэдэн арав, зуун тэрбумыг олох боломж байгааг хэлсээр л байсан. Одоо нуршаад яах вэ? Сонин, интернетэд байж л байгаа. Түүнийг харин хэн ч хэлэхгүй байгаа нь гайхалтай...

Парламентын тухайд шүүмжилж байсан, шүүмжлүүлж байсан хоёрын байр л солигдсон, нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь адил байдаг биз! Ерөнхийдөө бид 26 жилийн өмнө тарьснаа хураацгааж, төргүй болсон үйлийн үрээ эдэлцгээж байгаа улс." хэмээн хатуухан хэлжээ.

Түүнийхээр сонгууль шударга болж, сонгогчид сонголтынхоо үйлийн үрийг эдэлж явна уу, зарим нэгний хэлж буйгаар сонгуулийн булхайн үйл үрийг сонгогчид амсаж байна уу гэдгийг хэн мэдэхэв. Ямартай ч Г.Уянгад хэдэн зуун тэрбумыг олох арга байсан юм байна. Харин тэр арга нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд одоо ч байгаа тул олж хэрэгжүүлэхэд болохгүй нь юу байхав.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ