Б.Ууганхүү: Медалиа авч байхдаа “Зүүд биш байгаа” гээд өөрийгөө чимхмээр санагдсан

“Рио-2016” паралимпийн жүдо бөхийн 60 кг-д Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Тэрээр ийнхүү паралимпоос медаль авсан Монголын анхны жүдоч болсон юм.

Б.Ууганхүүгийн олимпийн медальтан болсон баярт мөчийг нь хуваалцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

-Юуны өмнө паралимпоос медаль авсан Монголын анхны жүдоч болсон танд баяр хүргэе.

-Баярлалаа. Үнэхээр их баяртай байна. Энэ мөчийг олон жил хүлээлээ. Уг нь аваргалах зорилготой байсан ч бага зэрэг тактикийн алдаа гаргачихлаа. Гэхдээ паралимп, дэлхийн аваргыг ялж, хүрэл медаль авсан болохоор гоё санагдаж байна. Амжилтаа чамлахгүй ээ. Азербайжаны Р.Ибрахимов ялчихаад дэвжээнээс буухад сэтгэл онгойгоод сайхан болсон. “Би чадлаа” гээд өөртөө хэлэхэд зүүд юм шиг л байлаа.

Азербайжаны Р.Ибрахимов ялчихаад дэвжээнээс буухад сэтгэл онгойгоод сайхан болсон. “Би чадлаа” гээд өөртөө хэлэхэд зүүд юм шиг л байлаа.

-Хүрэл медалиа энгэртээ гялалзуулсаар, шагналын тавцанд зогсож байхад юу бодогдож байв?

-Хамгийн түрүүнд эх орон, гэр бүлийнхэн, найз нөхөд, шигшээ багийн хамт олноо бодлоо. Хүн аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж л чадвар үр шимийг нь заавал хүртдэгийг мэдэрлээ. “Больё. Би чадахгүй юм байна” гээд шантрах үе надад олон удаа тохиолдсон. Гэхдээ тэр бүхэнд шантарч, бууж өгөөгүйнхээ хүчинд л өнөөдөр энэ амжилтад хүрлээ.

“Больё. Би чадахгүй юм байна” гээд шантрах үе надад олон удаа тохиолдсон. Гэхдээ тэр бүхэнд шантарч, бууж өгөөгүйнхээ хүчинд л өнөөдөр энэ амжилтад хүрлээ

Мэдээж үүнд олон хүний ач тус, дэм бий. Шагналын тавцанд зогсож байхад “Зүүд биш байгаа даа” гээд өөрийгөө чимхмээр санагдсан /инээв/. Сэтгэл их хөдөлж байна. Өнөө өглөө бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Б.Цогтгэрэл эгч маань бараг л хүрэл медаль авах дөхлөө. Хэдхэн оноо дутлаа. Үлдсэн өдрүүдэд чадах чинээгээрээ тамирчдаа дэмжээд, уухайлаад л сууна даа.

Шагналын тавцанд зогсож байхад “Зүүд биш байгаа даа” гээд өөрийгөө чимхмээр санагдсан /инээв/

-Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж амжсан уу?

-Медаль авангуутаа л холбоо барих юмсан гэж яарсаар байсан ч амжсангүй. Дөнгөж сая л холбоо барьлаа. Эхнэр, ээж, ах, дүү нар маань хөл нь газар хүрэхгүй баярлаж байна.

-Та “Рио-2016”-гаас медаль авна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?

-Бэлтгэл сайтай, өөртөө итгэлтэй байсан болохоор медаль авна гэдэгтээ эргэлзээгүй ээ. Ч.Базарсүрэн дасгалжуулагч “Бүх зүйл чамаас л шалтгаална. Хичээгээрэй. Бэлтгэл дээр байгаа мэт тайван барилдаарай” гэж надад урам өгсөн.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд паралимпийн алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азербайжаны Р.Ибрахимовыг 4-хөн секундад цэвэр ялсан. Тэр мэхийг барилдааны өмнө хийхээр төлөвлөсөн байсан уу. Эсвэл барилдааны явцад гэнэт хийсэн үү?

-Өмнө нь хийхээр төлөвлөчихсөн байсан. Энэ миний дархан мэхүүдийн нэг. Барилдааны эхнээс л өөртөө итгэлтэй, сансан мэхээ зоригтой хийгээд барилдъя гэж бодсон. Санасандаа хүрч, гаргая гэсэн барилдааны үзүүлж чадлаа.

-Та В3 ангилалд барилддаг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй юм уу?

-Тийм ээ. Харааны бэрхшээлтэй жүдочдыг В1, B2, B3 гэж ангилан, барилдуулдаг. В1-д хараагүй, В2-т дунд зэргийн хараатай, B3-т хамгийн сайн хараатай тамирчид барилддаг. Би В3 ангилалд багтан, Риогийн паралимпод зодоглолоо.

-Та жүдо бөхийн спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ?

-Би багадаа бөхийн спортод дуртай, дээл, гутлаа ханзартал барилддаг хүүхэд байсан. 2008 онд Дорноговь аймагт Я.Дорж багшаар энэ спортын “А” үсгээ заалгасан. Одоо Монголын пара жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, “Гаруда” клубийн дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ нарийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Миний өнөөгийн амжилт дасгалжуулагч нартай маань салшгүй холбоотой.

Б.Ууганхүү: Медалиа авч байхдаа “Зүүд биш байгаа” гээд өөрийгөө чимхмээр санагдсан

-Жүдогоор анх хичээллэж эхлэхэд амаргүй байсан нь мэдээж. Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?

-Хүн дуртай, сонирхолтой юмаа хийхээр ядарч, шантарч байгаагаа мартчихдаг юм байна. Ядарсандаа цүнхээ даахгүй шахам гэртээ орох үе надад олон байсан. Гэхдээ маргааш бэлтгэлээ хийнэ, мэх давтана гэж бодохоор өнөөхөө мартчихдаг. Томоохон тэмцээний өмнө бие өвдөх, бэртэл авах хамгийн хэцүү. Ганцхан надад бус тамирчин бүрт л тохиолдож байгаа гэж бодоод л гүрийж явна.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Би айлын ганц.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Би эхнэр, охины хамт амьдардаг. Охин маань нэг ой, дөрвөн сартай. Манайх Улаанбаатар хотод амьдардаг.Харин ээж маань Сайншандад аж төрж байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ