Г.Баасан: Ерөнхий сайд аа, битгий андуур
“Тэтгэвэр, хишиг хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Нэгнийхээ тэтгэврийн нэмэгдлийг авах гэж нэгнээ егүүтгэх ахмад настан Монголд байхгүй. Хамтын тэтгэврийн хуулийг эргүүлж татаад Насны хишиг болгоно гэж Ерөнхий сайд ярьж байна. Хишиг гэж юу юм? “Богд оо боов хайрла” гээд хишиг гуйгаад явж байдаг. Хишгийг өгсөн ч болно, өгөөгүй ч болно. Нэг төгрөг, зуун төгрөг, мянган төгрөг. Өгөхгүй байлаа гээд нэхэх боломжгүй, өглөө гээд гомдох боломжгүй юмыг хишиг гэдэг юм. Тэтгэврийн даатгал гэдэг бол өөр юм. Шимтгэл төлөөд түүнээсээ авч байгаа юм. Битгий андуур” хэмээн Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан Ерөнхий сайдад хандан хэллээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг нэгнийхээ ясыг өндөлзүүлж байна хэмээн ахмадууд эсэргүүцэж байгаагаас уг хуулийг хүчингүй болгосон гэх тайлбарыг өгсөн.
Харин үүний маргааш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хамтын тэтгэврийн хууль батлагдчих юм бол эхнэр нөхрүүд чамайг үхвэл миний тэтгэвэр нэмэгдэнэ гээд нэгэн рүүгээ муухай харна” гэсэн утгатай тайлбарыг УИХ-ын чуулганы үеэр өгсөн нь ахмадуудын бухимдлыг төрүүлээд байна.
Тиймээс Монголын чөлөөт ахмадын холбоо болон ахмадын төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Тэд Ерөнхий сайдын үгнээс ийм зохисгүй үг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд нийт ахмадуудаас уучлалт гуйхыг шаардсан юм.
Холбооноос дээрх шийдвэр гарсны дараа 15 аймгийн ахмадаас санал асуулга явуулжээ. Хамтын тэтгэврийг болиулах эсэх талаар авсан судалгаанд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Халзан сумуудын ахмадуудын 50 хувь нь Хамтын тэтгэврийг хүчингүй болгоё гэж дэмжсэн байна. Бусад бүх ахмадууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Тиймээс дээрх шийдвэрийг алга ташин дэмжих хүн алга гэдгийг хэлэв.
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан: ХАМТЫН ТЭТГЭВЭР ЗӨВХӨН АХМАДУУД БИШ, ӨНӨӨДӨР ТӨРСӨН ХҮҮХЭД, АЖИЛ ЭРХЭЛЖ БУЙ ЗАЛУУС Ч ХАМААТАЙ
Эрхэм Ерөнхий сайд аа сардаа 40-50 мянган төгрөгийн нэмэгдэл авахын тулд нэгнийгээ үхээсэй гээд сууж байдаг ганц ч ахмад настан байхгүй. Хамтын тэтгэврийн тухай хуулийг эргүүлэн татах нь эрхзүйн тогтолцоог зөрчсөн. Ийм том алдаатай үг хэлсэндээ Ерөнхий сайд уучлалт гуй.
Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн хамтын тэтгэврийг авмааргүй байна гэсэн ахмадуудын нэрийг зарлаж өг. Өнөөдөр тэтгэвэр авч буй 310 мянган ахмад байна. Тэдний хэдэн хувь нь ийм гомдол гаргасан юм. Хэдэн хувийнх нь гомдлыг үндэслэж ийм шийдвэр гаргав. Хамтын тэтгэвэр өнөөдрийн ахмадуудын асуудал биш. Өнөөдөр эхээс мэндэлж буй хүүхэд, ажил хөдөлмөр эрхлээд явж буй залуусын ч асуудал. Хэн ч насыг насалж гавьяаны амралтад гардаг. Энэ үеийн эдийн засгийн баталгаа бол тэтгэвэр.
Хамтын тэтгэврийн хууль бол монголын нийгмийн тогтолцоо, тэтгэврийн харилцаанд гарсан том хувьсгал болсон. 36 тэтгэвэр авна гээд улсад шимтгэл төлөөд нэг ч төгрөг эргүүлж авч чадаагүй нас барсан хүмүүст юу ч өгөлгүй, төлсөн шимтгэлийг нь аваад үлддэг байсан. Энэ бол дээрэм. Үүнийг зогсоохын тулд 20 хувиас хэтрүүлэлгүй гэр бүлд нь өгөх гэж хуулийг баталсан. Өөрийнх нь өгсөн юмыг буцааж өгөхдөө Засгийн газар яагаад харамлаж байгаа юм гэв.
Ж.ТӨМӨР: АХМАДУУД ОДОО ХЭРЭГГҮЙ ГЭЭД ХАЯЖ БАЙНА
Хэвлэлийн хуралд ахмадын төлөөлөл хүрэлцэн ирж өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн юм. Тэдний нэг нь СОТ2 ахмадын байгууллагын тэргүүн Ж.Төмөр. Улс орны бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэн 40 жил ажилласан тэрээр улс ахмадуудыгаа насаар нь ажиллуулчихаад одоо хэрэггүй хэмээн хаяж байгаад гомдолтой байгаагаа хэлэв.
Түүний хамт улс орны бүтээн байгуулалтад хүчин зүтгэж насаараа шимтгэл төлөөд үр дүнг нь үзэж чадаагүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн олон хүн байгааг ч тэрээр дурсав.
Насны эцэст аяга цайгаа хуваагаад уух хань ижилтэйгээ үлдэх юмсан хэмээн залбирдаг ахмадуудыгаа хэдэн цаасны төлөө алуурчин болоход бэлэн мэтээр ярьж байгаа төрийн өндөрлөгүүдэд алдаагаа засах боломж байна гэдгийг ахмадын төлөөлөл хэлж байна.
ТЭТГЭВЭР АВЧ БУЙ АХМАДУУДЫН 3-5 ХУВЬ НЬ БОЛОМЖИЙН АМЬДРАЛТАЙ
310 мянган тэтгэвэр авч буй ахмадын 3-5 хувь нь л Хамтын тэтгэвэр шаардлагагүй боломжийн амьдралтай аж.
Хамтын тэтгэврийг хэрэгжүүлснээр дунджаар 46-50 мянган төгрөгийн нэмэгдлийг ахмадууд авах юм байна. 2016 оны наймдугаар сарын 30-ны байдлаар Нийгмийн даатгалын сангийн санд 770.6 тэрбум төгрөгийн орлого орсны 480.3 тэрбум нь тэтгэврийн санд байгаа аж. Үүнийг долоон банкинд 9-14 хувийн хүүтэй байршуулдаг бөгөөд жилдээ хүүнд багадаа 43 тэрбум орчим төгрөг авдаг гэдгийг тэрээр хэлсэн юм.
Тушаасан шимтгэлийг нь 20-40 жил хэд дахин өсгөж ашиглачихаад зохих хувийг нь өгөхдөө дургүйцэж байгаа улс төрийн хүчинд урам нь хугарч байгаагаа тэд хэлсэн юм.
Хүн алдаж болно алдаагаа засах нь эрүүл үзэгдэл учраас эрх баригч намыг гаргасан шийдвэрээ өөрчилж, уучлалт гуйхыг тэд шаардаж байна. Харин шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ