Цээж халуун оргиж, хорсдог хүмүүсийн анхааралд
Улаан хоолой, ходоодыг заагласан хумигч булчин гэж байдаг. Ходоод нь хөндийтэй, хүчил ялгаруулж идсэн хоолыг боловсруулдаг, байнга агшиж байдаг эрхтэн. Хоол ходоодонд ороход улаан хоолойн доод хэсгийн хумигч булчин агшиж, хаагдаж байдаг. Ходоодонд хоол боловсруулсны дараа нарийн гэдэс рүү гаргахад ходоодны гарах хэсгийн хумигч булчин онгойгоод зогсохгүй ходоод агшдаг. Энэ үйл явц бол хэвийн байгаагийн шинж. Харин ходоод, улаан хоолойн дунд байдаг хумигч булчин гүйцэд хаагдаагүйгээс ходоодонд байгаа хүчиллэг агуулагдахуун улаан хоолой руугаа сөргөж буцаж ороод улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээдэг. Энэ нь цээж хорсох, өвчүүний ард өвдөх, гашуунаар гулгих, горойх байдлаар илэрч байгаа юм. Зарим тохиолдолд хоолой сөөх, ханиалгах шинжээр илэрдэг. Үүнийг ходоод-улаан хоолойн сөргөө өвчин гэж нэрлэдэг.
Зарим хүн цөс хөдөлчихлөө, гашуунаар огиод байна гэж ярьдаг. Энэ нь зарим хүнд нарийн гэдсэнд ялгарсан цөс ходоод руу орох тохиолдол байдаг ба заримдаа нэвт дээшээ улаан хоолой руугаа давхар сөргөдөг. Ийм хүмүүс цөсөөр гулигах, бөөлжих тохиолдол байдаг.
Энэ өвчин юунаас болдог вэ гэвэл маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Таргалалт, илүүдэл жин хамгийн их нөлөө үзүүлдэг. Архи, тамхины хэрэглээ, өрцний эвэрхий, ходоодны архаг үрэвсэл, хеликобактерийн халдвар, цөсний чулуу зэрэг нь энэөвчний хүчин зүйл болдог
Хор нөлөө: Сөргөөнөөс болж улаан хоолойн доод хэсэгт байнга хүчиллэг зүйл орж цочроосноос болж улаан хоолойн доод хэсэг үрэвсэж, шархалдаг. Тиймээс улаан хоолойн доод хэсгийн үрэвсэлтэй сөргөө өвчин, үрэвсэлгүй сөргөө өвчин гэж ангилна. Үүнийг мэдэхийн тулд дурангийн шинжилгээ хийдэг. Сөргөө өвчин үүссэнээс хойш олон жил эмчилгээ хийлгүй явбал улаан хоолойн доод хэсгийн эсүүд нь хувирч эхэлдэг. Эхний үед хөнгөн зэргийн хувирал, цаашлаад хүндэрсээр эцэстээ хавдар болох эрсдэл бий.
Өөрөөр хэлбэл, сөргөө өвчин нь дангаараа улаан хоолойн хорт хавдрын бие даасан хүчин зүйл болдог байна. Хэрвээ таны цээж хорсох зовиур их, бага хэмжээгээр илэрсэн л бол эмчид заавал үзүүлээрэй.
Урьдчилан сэргийлэлт:
•Улаан хоолойн архаг үрэвслийг төгс эмчлэх
•Ходоодны архаг үрэвсэл болон шархлаг эмчилж эдгээх
•Улаан хоолойг гэмтээх цус гаргах шарх үүсэхээс хамгаалж байх
•Архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх
•Хоолны дэглэм баримтлах. Хэт халуун болон хэт хүйтэн хоол хэрэглэхгүй байх
•Жижиг ястай загас болон хатаасан давсалсан мах борцыг болгоомжтой хэрэглэх
•Жимс ногоогоор баялаг олон төрлийн хоол хэрэглэх
•Цууны хүчил бусад хүчлүүдийг хүүхдээс хол байрлуулж хадгалах
•Суурь өвчнүүд (Ходоод, улаан хоолойн сөргөө, барретийн улаан хоолой, ахалази, дивертикул)-ийг эрт оношилж эмчлэх
•H.pylori-н халдвар, ходоодны атрофийг оношилж эмчлэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ