Монголын дасгалжуулагчдын “нүцгэн” зургийг футболк дээр хэвлэжээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл гэгддэг Олимпийн их наадам Бразилийн Рио Де Жанейро хотноо болж, албан ёсоор өндөрлөөд удаагүй ч, олимпийн наадамтай холбоотой холбоотой шуугиан тасраагүй байна. Монгол Улсын баг тамирчид ч багагүй шуугиан таригчдын эгнээнээс "хоцроогүй" билээ.

Тодруулбал, олимпийн хүрэл медалийн төлөө чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран Узбекийн бөхтэй таарч, нэг оноогоор тэргүүлж явсан ч эцсийн мөчид шүүгч эсрэг талд оноо өгснөөр Монголын тамирчин ялагдал хүлээсэн. Уг барилдааныг эсэргүүцэж дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар дэвжээн дээр хувцасаа тайлан шидсэн билээ.Тэгвэл олимпийн энэ агшин “Wrestleology” брэндийн футболк дээр хэвлэгдэн дэлхийн даяар худалдаалагдаж эхэлжээ.

Манай хоёр дасгалжуулагчийн зургийг нийтэлж, дор нь "аварга шиг барилд, монголчууд шиг тэмц" гэх үгийг бичсэн тус футболкыг 22 ам.доллараар худалдаалж байгаа аж.

“Wrestleology” брэндийн эрхэм зорилго нь бөхийн спортоор хичээллэдэг, сонирхдог хэсэг бүлэг хүмүүст тохирсон хувцас, хэрэглэлийг бүтээх гэнэ. Тиймээс бусад спортын дундаас тухайн тамирчнаас хамгийн их чадвар шаарддаг уг спортын тамирчдын амьдралын хэв маягийг харуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ