Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ

Муугаа мэдэхгүй хэтэрхий их юманд найдаа юу даа, бид. “Риогийн олимпод бүтэн багаараа явлаа, хамгийн багадаа найман медальтай ирнэ. Монголын тамирчдыг алт, мөнгөн медаль авна гэж дэлхий даяар шуугиж байна. Монгол-бөхийн орон. Монгол бөхчүүдээс өрсөлдөгчид нь жийрхэж байна. Боксынхон бол нүдэж байгаад хэд хэдэн медаль авна”. Ийм сүржин мэдээлэл, тархи угаалтад үнэн голоосоо итгэчихээд тамирчдаа олимпоос медаль авсангүй хэмээн нийтээрээ зүхэж сууцгаана. Яг үнэндээ манай тамирчдын байгаа байдал, үнэн төрх нь энэ юм. Харин ч хоёр медаль авсан нь их юм болж. Риогийн олимп манай тамирчдын бодит байдлыг нь илчилж орхилоо.

Монгол Улс маань ядруухан эдийн засагтай. Одоо байдал бүр ч дор байна. Эсгий таавчиг, гутал, хувцаснаас илүү гарахаар томхон үйлдвэрлэл бидэнд байхгүй. Эрдэнэт, Оюу толгой зэрэг том төслүүдийн хувьд зэсийн хүдэр гаргадаг. Зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Цементийн хоёр, гурван том үйлдвэр баригдсан ч гадаад зах зээлд гарцаа олоогүй байгаа. Махаа экспортолж хэдэн төгрөг олох боломжтой ч хичнээн жил яриа төдий л байна. Хятад, Орос гээд хоёр том хөрш элдэв шалтаг хэлж голоод мах авахгүй гэх. Муу, муухай дээрээ улцан гэдэг шиг өдгөө малын түүхий эд үнэгүйдэж, жалга гуугаар нэг өмхийрсөн арьс, нэхий дүүрэн байна. Ийм эдийн засагтай орон харин тамирчдаа дэлхийд байхгүйгээр эрхлүүлдэг. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дэлхийн аваргаас медаль авбал мөн л дээрхээс нэг их дутахааргүй нэг удаагийн урамшуулал, сар бүр өндөр цалин олгоно. Монгол Улсын нэрийг дэлхийд ганц гялайлгах нь энэ хэдэн тамирчин гэж үнэлээд төр ийм шийдвэр гаргажээ. 2012 оноос хойш сар бүр дээрх урамшуулалт цалинг олгож байгаа юм.

Тамирдчынхаа алдар гавьяаг бодитоор үнэлэх, эдийн засгийн байдлыг нь шийдэх, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах алдартай тамирчдыг олноор төрүүлэх гээд олон хөшүүрэг, тайлбар энэ мөнгийг дагалддаг. Тэгвэл энэ их мөнгө, өндөр цалин үр дүнгээ өгсөн үү. Үнэхээр манай тамирчид дэлхийд өнгөлж байна уу? Үгүй юм гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн бөхийн барилдаан, буудлага, боксын тэмцээнээс бид нойроо хугаслан байж, урамгүйхэн харлаа. “Одоо л арчаад өгөх байх даа” гээд горьдонгуй харж суутал хаа байсан Африкийн тамирчинд хүртэл ялагдчих юм. Өрсөлдөгчөө тулж зогсчихоод олигтой мэх хийхгүй. Харин нөгөөдүүл нь хурд, хүч, мэхний гайхамшгийг үзүүлж өгөх юм. Зарим нь барилдааны эхэнд овоо хэдэн оноо авч, ялах магадлалтай болж яваад эцсийн хэдхэн секундэд алдаа гаргаж цэвэр тавиулчихаж байна. Нэг муухан мэх хийгээд өнөөхөөсөө болж хожигдох юм. Сүүлдээ бүр тамирчдынхаа барилдааныг харахаас халширдаг болсон. Чөлөөтийн барилдааныг харж байхад өрсөлдөгч нь хөлд нь сууж ард гараад түвэггүй хоёр оноо авчих юм. Яг энэ мэхээ дахин давтан гурав, дөрвөн удаа амжилттай хийчих жишээтэй. Хөлөө хамгаалж чаддаггүй тамирчин, хамгаалах аргыг нь хэлж мэддэггүй дасгалжуулагч хоёртоо дэмий бухимдаж суулаа. Мэхний олон хувилбар, нэгээс нөгөөд шилжих хурд, үргэлжлэл, тэсрэлт, тэмцэл манай тамирчдаас сая л лав гарсангүй. Бүгд харлаа.

Тамирчдад сар бүр төрөөс өгдөг их цалин пүнлүү эерэг гэхээсээ илүү олон сөрөг үр дагаврыг дагуулжээ. Ийм өндөр цалин мөнгөний хангамжтай болсон тулааны болон хүчний спортын элит давхарга өдгөө бий болсон байна. Элит давхаргад гаднаас хүн орж чаддаггүй. Тэд өөрсдөө, ах дүү, үр хүүхэд, нутаг усны танил тал, эсвэл өөрсдөдөө мөнгө өгдөг хүмүүсээ энэ давхаргадаа оруулдаг. Багаас нь бэлтгэж байгаад сургуулийн аваргаас нь эхэлж түрүүлүүлнэ. Дараа нь олон улсын нэг тэмцээнд явуулна. Бэлтгэж, бэлтгэж явуулж байгаа хойно нэг медаль аваад ирэх нь ойлгомжтой. Үүний дараа жинхэнэ од болгох ажил эхэлнэ. “Хосгүй авьяастай хүүхэд тодорлоо. Энэ л олимпоос юм дуулгана. Монголын нэрийг дэлхийд гаргах шинэ залуу” гээд өдөр шөнөгүй пиар хийнэ. Тухайн хүүхэд үнэхээр авьяастай байна уу, үгүй юу падлий байхгүй. Өөрсдийнхөө давхаргад тэд ингэж бүл нэмдэг. Үүний ард цэвэр өрсөлдөөн алга болж, жинхэнэ авьяастнууд, уйгагүй зүтгэлтнүүд хаалганы гадна үлддэг. Ийм байдал үргэлжилсээр өнөөдөр үр дүн нь гарч байна.

Монголын тамирчид сэтгэлзүйн бэлтгэлгүй байна гэж олон хүн шүүмжилж байна лээ. Аргагүй шүү дээ, сар бүр авах мөнгө, баахан амлалт толгойд нь эргэлдээд хөдөлж чадахаа байчихаж байгаа. Оноо алдах юм бол хожигдоно гэж айгаад хөдөлж чадахгүй зогсож байгаад л эцсийн мөчид ялагдлаа хүлээх юм даа. Сар бүрийн өндөр цалинд хүрсэн тамирчин бол ялах хүсэл тэмүүлэл бүр алга. Сарын долоон сая төгрөгийн цалин авдаг хүн юу гэж биеэ зовоож хүчийг үзэх вэ. Аягүй бол бэртэж гэмтэж мэднэ. Ийм сэтгэхүйтэй тамирчид яаж амжилт гаргах вэ.

“Бэртэлтэй байсан юм, хөөрхий”, “шүүгчид булхайтай шүүлээ” гэдэг тайлбараар хэдий болтол аргацаах вэ. Тамирчин хүн сүүлийн минут байтугай секундыг яаж ашигладгийг дэлхийн өндөр зэрэглэлийн бөхчүүд энэ олимпод харууллаа. Манайхан илүү оноотой мөртлөө сүүлийн хэдэн секундэд хамгаалж үлдэхийн оронд баярлан зугтааж, эсвэл сүрхий мэх хийх гээд хариу мэхэнд орж ялагдахыг нь харлаа. Өөрийгөө медаль авчихлаа хэмээн хэтэрхий эрт баярлан, тэмцээн дуусаагүй байхад гараа даллан гүйж байгаад торгуулчихаж байна. Нүдэнд нь их мөнгө харагдаад сэтгэлээ барьж дийлээгүй байх. Сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурсныг дэлхийд хосгүй өндөр амжилт үзүүлж буй япон тамирчид үлгэрлэж байна. Олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга Японы шилдэг жүдоч Шоохэй Оно сэтгүүлчийн “Та ялсныхаа дараа яагаад баярладаггүй юм бэ” гэсэн асуултад “Надад хэчнээн баярламаар байсан ч өрсөлдөгчид маань ямар хэцүү байгааг хүндлэх хэрэгтэй. Надад ялагдсан хүн сэтгэл дундуур, харамсан зогсож байхад би яаж баярлаж чадах билээ” хэмээн хариулсан байдаг.

Амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр өндөр цалин өгдгөө одоо больё. Амжилт гаргавал тухай тухайн цагт нь ахиухан нэг удаагийн урамшуулал өгсөн шиг өгдөг болбол хавьгүй эрүүл, зөв шийдвэр болно. Байнгын урамшуулал, зүгээр өгдөг мөнгө хүнийг мал болгодог. Зүв зүгээр сууж байгаад цалин авдаг хүн ажил хийдэггүйтэй адилхан юм шүү.

Орчин цагт спортын амжилт гаргана гэдэг нэгдмэл сайн менежмэнт, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт, судалгаа шинжилгээний үр дүн байдаг. Үүн дээр шударга өрсөлдөөн, тухайн тамирчны уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадвар, хурд хүч нэмэгддэг гэдэг. Энэ бүхэн алдагдаж, налгар задгай, дүр эсгэж олон жил амьдарсныхаа үр дүнг бид амслаа. Дүр эсгэнэ гэдэг зөвхөн тамирчдад хамаатай бус монголчууд бүгдээрээ хэлбэр хөөж амьдардгийн тод жишээ энэ юм.

Одоо спортын холбоодын удирдлагууд, багш дасгалжуулагч нар нь өөрчлөгдөж солигдох биз ээ. Дүрэм журмандаа өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтаар шилдэг менежер, дасгалжуулагчийг гаргаж ирдэг болъё. Үндэсний шигшээ багийн тамирчдын цусыг сэлбэж, шинэ бодлого, шинэ боловсон хүчнээр салхи оруулахгүй бол Японы олимпод ч бид хэн нэгэн шүүгчид гомдож, бэртэлтэй тамирчнаа өрөвдсөөр медальгүй сууж байх нь байна шүү.

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төгрөгийн урамшуулал авдгийг сонирхуулъя.

Зодог тайлсан тамирчид:

1.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт

З.Ойдов-7.5 сая

2.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Х.Баянмөнх-7.0 сая

3.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Сэрдбамба-5.5 сая

4.Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган-5.0 сая

5.Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар-4.5 сая

6.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ж.Мөнхбат-3.5 сая

7.Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин-3.0 сая

8.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр-2.5 сая

9.Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат,

Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая

Зодоглож буй тамирчид:

1.Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр-7.0 сая

2.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг-6.0 сая

3.Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт-4.5 сая

4.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ-4.0 сая

5.Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа-3.0 сая

6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир-2.5 сая

СЭТГЭГДЭЛ БИЧИХ