Дуучин М.Бямбажав: Би согтохоороо их дээрэлхүү болчихдог хүн
“Ай даа хүмүүс минь, амьдрах сайхан”, “Халагдах цэргийн вальс”, “Оройтсон бороо” зэрэг дуугаараа сонсогч түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин М.Бямбажав саяхан Ард түмний гавьяат цолоор энгэрээ мялаажээ. 15 настайгаасаа эхлэн урлагт хүчин зүтгэсэн энэ эрхмийг сонсогч фэнүүд нь гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй хамт нэлээд хэдэн дуу амьдруулж, тоглолт хийснээр нь сайн мэддэг.
Цагтаа ардын бүжиг хүртэл бүжиглэж явсан дуучин эр энэ цол тэмдгийг мөн ч их хүлээж явснаа дурсаж нэгэн ярилцлагадаа илэн далангүй өгүүлжээ. “Мундаг хүмүүс нь гавьяат цол авч чадалгүй таалал төгссөн байхад учраа мэдэхгүй бацаанууд энэ шагналыг ичих ч үгүй зүүж явах юм” хэмээн ярьсан тэрбээр хүнээс юм харамлаж чаддаггүй цамаан байдал, бусдын буруу зөвийг шударга хэлчихдэг шулуухан зангаасаа болж гавьяа шагнал, албан тушаал, авгай хүүхдээсээ хүртэл хагацаж байснаа нуугаагүй.
Анхны эхнэрээ наймдугаар ангид байхад нь авч суучихаад хүүхдийнхээ баастай өмдийг ч угаалгаж үзээгүй гэх дуучин М.Бямбажав арван жилийн өмнө түүнээсээ салжээ. Харин хоёр дахь амьдралаа зохиогоод мөн л арван жилийн нүүрийг үзэж байгаа тэрбээр “Би ууж идэж явснаа хэнээс ч нуухгүй. Гэхдээ согтохоороо их дээрэлхүү. Надад одоо шууд дуулаад хит болчихоор 40 дуу байна, даанч энэ хэдэн радио нь бүгд худалдагдчихсан. Би бас их эдийн шуналтай нөхөр. Өмсөхгүй байсан ч гоё хувцас харахаараа авмаар санагддаг” гэж ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ