Экс амраг нь дурсахыг ч хүсээгүй гэх мисс П.Шүүдэрцэцэг “гандан буурахгүй”
“The one” хамтлагийн ахлагч Темпо буюу Б.Болдбаатартай үерхэж байсан мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг хайрттайгаа цуг нэгэн сэтгүүлийн баярын дугаарыг чимж “Анхны харц гэж байдаг юм байна” хэмээн ихэд уяран өгүүлсэн цаг саяхан мэт. Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ сүүлийн үеийн ихэнх киноны гол дүрд тоглож яваа тэрбээр нэгэнтээ миссийн тэмцээнд оролцож, титэм бус өргөмжлөл хүртэж байжээ.
Хайр дурлалынхаа халуун илчинд “шатаж” явах үедээ өөрийн цахим хуудсаа хайртынхаа зургаар дүүргэж “Намайг унаж, бүдэрч явахад хажууд минь түших хүн” гэж тодорхойлж суусан үзэсгэлэнт бүсгүй маань өнөөдөр орь ганцаараа явна. Хайртай бүсгүйдээ мянга мянган өдрийн хайрыг бэлэг болгон амлаж байсан дуучин Тэмпо ч “Шүүдэрхэн” дуугаа олонд хүргээд удалгүй түүнээс нүүр буруулан оджээ.
Олны танил хосууд чухам юуны учир салснаа одоог хүртэл нууцалдаг бөгөөд П.Шүүдэрцэцэг ганцаардал гунигаа хэдийнэ гээж, амласандаа хүрээгүй амрагтаа “гандан буурахгүй” гэдгээ харуулж яваа гэлцдэг. Харин экс амраг Тэмпо нь саяхан хэвлэлийнхэнтэй таарахдаа нэгэн үе “Шүүдэрхэн” хэмээн хайрлаж явсан бүсгүйгээ дурсахыг ч хүсээгүй гэнэ билээ. Хэзээ ч хагацаж салахгүй мэт дурлалцаж, хуримын зураг хүртэл авахуулж явсан тэдний хувьд их л том “шалгуур” тохиолдсон бололтой дог.
Б.Содон
www.breakingnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ