Ж.Ганбат: Зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулахаар төсөлд тусгасан

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат өнөөдөр тайлбар хийлээ. Тэрээр:

-2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгасан байгаа. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин агентлагийн дарга болон түүнээс дээштушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой.

Үүнээс гадна Төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулах, улсын төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардалд тодорхой хэмнэлт хийх, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа гэв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ