Д.Отгондалай: Эхний хоёр раунд бидний ялалт байсан

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын/2016.08.14/ ес дэх өдөр 60 кг-д өрсөлдөж буй Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглосон юм. Хоёр боксчны хувьд хүрэл медалийн болзол хангаж, улмаар медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулааныг хийлээ. Тоглолтын үр дүн 3:0 онооны харьцаагаар Францын тамирчны ялалтаар өндөрлөсөн. Энэхүү тоглолтын дараа Д.Отгондалайтай манай тусгай сурвалжлагч Б.Бадамгарав уулзаж зарим асуултад хариулт авлаа.

-Харамсалтай байдлаар ялагдал хүлээлээ. Заал дүүрэн үзэгчид сая тэр чигтээ л тоглолтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийллээ?

-Би сая эхний хоёр раундад өөрийгөө хожиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Өөрөө дэвжээн дээр байгаа хүн хэдэн цохилт оновчтой болж байна гэдгийг тооцоолно. Ерөнхий тоглолтын байдлыг мэдэрнэ. Нэг дэх үед би гарцаа байхгүй 3:0-оор хожсон гэж бодож байлаа. Хоёр дээр ч оноо илүү байх ёстой гэж бодсон. Гуравдугаар раунд дээр харин оноо доогуур байна гэхээр нь урагшаа нилээн дайрч, хайхрамж алдсан тал бий. Маш харамсалтай байна /Уйлав/. Эхний хоёр раунд монголчууд бидний ялалт байсан.

-Францын тамирчинтай өмнө нь таарч байгаагүй байх аа?

-Таараагүй. Анх удаа тоглож байна. Гэхдээ тоглолтыг нь бол сайн мэднэ. Энэ тоглолтод ялах бүрэн боломж, ялах итгэл надад байсан. Бүх чадлаараа хичээн зүтгэсэн ч та бүхнийхээ итгэлийг алдаж, ялагдал хүлээлээ. Хүнд байна.

-Финалд үлдсэн Бразилын тамирчныг бол та өмнө нь ялж байсан гэсэн?

-Хоёр удаа таарч тоглоод хоёуланд нь ялж байсан. Маш харамсалтай байна. Медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй. Миний тоглолтын агуулга, бүтээмж, идэвхийг та бүхэн минь үзээд, өөрсдийнхөө тунгаагаарай. Амласан, зорьсон зам дээрээ очиж чадаагүйдээ харамсаж байна... Чамлахаар чанга атга гэдэг.Олимпийн хүрэл медаль хүртэх энэ амжилтынард байсан бүх хүмүүст, Монголын ард түмэндээ баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ