Ж.Батзандан: МАН санхүүжүүлэгчдээ сайдын суудалд залж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сайд нарын томилгооны асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-МАН мэргэжлийн засгийн газар байгуулна гэж сонгуулиар амлалт өгч гарч ирсэн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсийг харахад яг эсрэгээрээ байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн яамдыг удирдахаар ирж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдаар хуульч биш хүнийг, Сангийн сайдаар эдийн засагч биш хүнийг оруулж ирж байх жишээтэй. МАН-ын ихэнх сайдууд МАН-д хандив өгсөн хүмүүс, санхүүжүүлэгчид байна. Төрийн албыг худалдах, арилжаалах ажлаа МАН засгийн газраасаа эхэллээ. Томилогдохоор нэр нь гарч байгаа сайдуудын дийлэнх бизнесменүүд байна. Бизнес, төр хоёрыг хутгах эхлэл тавигдаж байна.
-АН-ын бүлэг сайд нарын томилгооны асуудлаар байр сууриа нэгтгэх үү?
-АН-ын бүлэг хуралдах байх. Сайд нарын нэр болон бүрэлдэхүүний асуудал дээр дүгнэлтээ гаргаж танилцуулна.
-Өмнө нь АН-ын бүлгээс Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслүүдийг Байнгын хороод дээр хэлэлцэх үеэр завсарлага хүссэн ч олдоогүй. АН-ын бүлэг тухайлсан ямар асуудлуудыг эргэн харах нь зүйтэй гэж үзсэн бэ?
-Манай бүлэг засгийн газрын бүтэцтэй холбогдуулж, завсарлага авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Яагаад гэвэл, үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх замаар давхар дээлтэй сайд нарын тоог нэмэгдүүлсэн явдлыг бид буруу гэж үзсэн. Мөн төсөв хүнд байгаа үед олон дэд сайдын суудал бий болгосон явдлыг АН-ын бүлэг эсэргүүцэж байгаа. Ер нь МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаасаа шууд буцаж байгаа нь улс төрийн хувьд хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Түүнчлэн яамд болон агентлагуудын бүтэцзохион байгуулалтуудыг өөрчлөх замаар төрийн олон мянган албан хаагчийг ажлын байргүй болгож байна. Үүнийг буруушааж байгаа. Энэ олон халаа сэлгээ нь эцэстээ төрийн уламжлал, залгамж халааг алдагдуулна. Иймд АН завсарлага авах хүсэлт гаргасан боловч МАН хүлээж авалгүй, хүч түрэн хуулийн төслүүдийг баталлаа.
-МАН-ын зүгээс ерөнхийлөгчийн саналыг засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслүүдэд тусгалгүй шууд баталж буй нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж болох уу?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгч зөвшилцөх бичигтээ олон чухал, тодорхой санал хүргүүлсэн. Гэвч МАН Ерөнхийлөгчийн болон АН-ын бүлгийн саналуудаас нэгийг нь ч хүлээж авсангүй. Энэ нь хэт олонхи болсон МАН-ын нөхдүүд дээрэнгүй зан гаргаж, хуулийг уландаа гишгэж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Энэ нь улс төрийн хувьд бүдүүлэг алхам гэж бид харж байгаа.
-АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ын засгийн газар бүрдүүлэх явцыг анхааралтай ажиглаж байгаа гэж онцолсон. Гэтэл бүлэг нь завсарлага авах гэтэл эрх баригч нам хүлээж авсангүй. Цаашдаа ийм байдлаар үйл явц өрнөхөд сөрөг хүчний хувьд нөлөөлөл үзүүлэх чадамжийн хувьд хэр байна гэж та харж байгаа вэ?
-Ардчилсан нам төрийн ажлыг урагшлуулахыг хүсч байна. Монгол төрийн ажлыг гацаах сонирхол хэнд ч байхгүй. Гэхдээ төрийн аливаа ажиллагаа хуулийн хүрээнд явах учиртай. Ардчилсан нийгэмд сөрөг хүчний дуу хоолой, байр суурь амин чухал байдаг. Эрх баригчдын алдааг залруулах үүргийг сөрөг хүчин гүйцэтгэдэг. Харамсалтай нь өнөөдөр МАН-ын 65 гишүүн сөрөг хүчингүй юм шиг дураараа дургиж эхэллээ. Энэ нь мордохын хазгай болж байна гэж би харж байгаа. Ер нь төрийн ажлыг хүчээр хийвэл ямар алдаанд хүрдэгийг МАН-ынхан хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Эрх мэдлийн биеэ тоох өвчин МАН-ынханд хурдан хугацаанд туслаа даа.
-АН-ын эрх барих хугацаандаа хийсэн, эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтууд зогсох нь гэсэн айдас олон нийтийн дунд байна. Үүн дээр танай бүлгээс ямар бодлого барьж ажиллах вэ?
-Өнгөрсөн он жилүүдэд хийсэн томоохон реформуудыг МАН зогсоож эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын шинэ тогтолцоо, Гэрч хохирогчийг хамгаалах шинэ алба, Аж үйлдвэрийн салбарын бодлогуудыг зогсоож байна. Цахим худалдан авалтын тогтолцоо ч хүчингүй болох нь. Өөрөөр хэлбэл, МАН-ын өргөн барьж байгаа хуулийн төслүүд дандаа шинэчлэл, өөрчлөлтөөс ухарсан, хуучнаа санагалзсан шинжтэй байна. Ийм хуулийн төслүүдийг өргөн барьж байгааг хараад бид үнэхээр харамсаж байна. Өмнөх засагт алдаа, оноо зөндөө байсан. Гэхдээ эрх баригч хүчин өмнөх засгийн газрын алдааг засаж, зөвийг нь үргэлжлүүлэх үүрэгтэй. Бүхнийг үгүйсгэж, бүхнийг шинээр эхлүүлэх шаардлага байхгүй. Монгол төрийн бодлого, залгамж халаа гэж том философи бий. МАН үүнийг эвдэж, хэт хүчдэж, бярдаж байгаа нь буруу. Энэ бүхнийг УИХ дахь АН-ын бүлэг тууштай эсэргүүцэж, засч залруулахын төлөө явна.
-Төв банкны хуулийг өөрчлөх замаар ипотекийн зээлийг тодорхой хүрээнд үйлчилдэг болгож, хумина гэх мэдээлэл явсан. АН-ын бүлэг энэ асуудал дээр ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Ипотекийн зээл, малчны зээлийг битгий зогсоогоорй гэж АН-ынзүгээс МАН-ын бүлэгт санал хүргүүлсэн байгаа. Нийслэлд хийгдэж буй дахин төлөвлөлт, “Сайн хашаа”, “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийг бид захисаар байгаа. Харамсалтай нь МАН-ын засгийн газар, бүлэг нөхдүүд АН-ын эхэлсэн бүхнийг зогсоохоор улайрч байна. Ингэж улстөржиж, намчирхаж болохгүй. Монгол төрийн сайн бодлого бүхэн үргэлжлэх ёстой, саар бодлого бүхэн зогсох ёстой гэж бид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ