Туркэд 49 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Туркийн цэргийн бүлэглэл төрийн эрхийг авахаар оролдсон билээ.

Тэгвэл тус улсад 49 мянга орчим төрийн албан хаагчийг энэ хэрэгтэй холбогдуулан ажлаас нь халсан талаар Hurriyet дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоод хэргийн яам, Боловсролын яам, Үндэсний тагнуулын байгууллага, Шашны асуудал эрхэлсэн ерөнхий газар, Гэр бүл, нийгмийн бодлогын яам, Сангийн яам болон Эрчим хүчний яамнаас нийт 28321 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн Боловсролын яамны харьяа хувийн сургуулиудад ажилладаг 21 багшийн тусгай эрхийг хүчингүй болгожээ.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад ажилладаг 1577 декан, профессоруудыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Туркэд цэргийн бүлэглэл цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг гартаа авах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү "их цэвэрлэгээ" хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ