Авлига нь 200 сая төгрөгт хүрч, хятад иргэнд зарагдсан газрын мөрөөр
Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч, хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан талаар бид мэдээллэсэн.
Дээрх мөнгийг урьдчилгаа болгон авч байсан нь тодорхой болсон бөгөөд цаашид хэчнээн төгрөг авахаар тохиролцсон байсан нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэх ашиглаж, БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон байжээ. Авлига өгсөн Ли овогт хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал байсныг эх сурвалж мэдээллэв.
-ИРГЭДЭД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ӨМЧЛҮҮЛЭХ
ЁСТОЙ ГАЗАР БАЙЖЭЭ-
Нийт 200 гаруй сая төгрөгийн хахууль аван байж хятад иргэнд зарах гэсэн газар чухам ямар учиртай, хаана байдгийг сурвалжилж, уншигч та бүхэнд хүргэхийг зорилоо. Эх сурвалжийн мэдээллэснээр, дээрх газар нь Баянзүрх дүүрэгт байрлах Их цуурайтын ам гэх газар байв. Тодруулбал, тус дүүргийн 20-р хороо, Улиастай орчимд байрладаг, хотоос 25 орчим км-т орших тэгш гадаргуу бүхий маш сайхан байгальтай газар байлаа.
Барилгын компанийн хятад захирал худалдаж авсан гэдгийг дуулаад орон сууцны зориулалтаар ашиглах газар гэж таамаглаж байсан нь талаар болов. Харин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах болов уу гэмээр газрыг нутгийн иргэд бидэнд Их цуурайтын ам хэмээн зааж өгсөн юм. Тэнд тодорхой байдлаар хашаа татаагүй байсан ч энд тэндгүй дугуйгаар тэмдэг тавьсан байлаа.
Их цуурайтын ам гэх энэхүү хэсэг газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёрдугаар ээлжинд багтсан газар аж. Өөрөөр хэлбэл, 71 га газрыг 468 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх ёстой байснаас 42 айлд оногдох газрыг ийнхүү хууль бусаар Хятадын хөрөнгө оруулалттай компанид зарж, хахууль авч байгаад баригдсан аж.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-наас хойш 15 хоног үргэлжилсэн цахим газар өмчлөлийн хоёрдугаар ээлжийн бүртгэлийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам, Баянзүрх дүүргийн Улиастай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14490 иргэнд, мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлсэн билээ.
-ГЭМБУРУУТАЙ НЬ ТОГТООГДВОЛ 5-10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООНО-
Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, энэхүү хэргийг АТГ-т шилжүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг Эрүүгийн хуулийн 268-д зааснаар хариуцлагад татсан бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол доорхи хуулийн заалт дагуу хариуцлага хүлээх юм.
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ