АН Их хурлаа ирэх 12 дугаар сард товлов
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр 20 цагийн орчимд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлүүлж хуралдах болоод байгаа билээ. Тус хуралдаанаар:
-2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
-Ардчилсан намын даргыг томилох тухай
-Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах
-Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай
-Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай
-Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд буй.
Энэ дагуу өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээллийг хэлэлцжээ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан асуудлыг хөндөн ярилцаж, гишүүд санал бодлоо хуваалцлаа.
Хуралдаан багагүй ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд хуралд “Нээлттэй АН”, “Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий залуус оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн тус намаас хөөгдсөн зарим залуус олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байв.
Өчигдрийн хурлын төгсгөлд Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай хэлэлцээд, 2016 оны 12 дугаар сарын 06-нд намын Их хурлаа хийхээр тогтлоо. Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгож, үзэл баримтлалаа тодруулах юм. Түүнчлэн гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчлөхөөр тогтсон байна.
Ийнхүү хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж завсарлалаа. Хуралдаан өнөөдөр 11.40 цагаас эхлэх юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ