10 орны үндэсний сэргээшийн эсрэг байгууллагаас ОУОХ-д ханджээ
АНУ-ын “The New York Times” сонинд мэдээлснээр, АНУ, Испани, Канад, ХБНГУ, Швейцар, Япон зэрэг 10 орны үндэсний сэргээшийн эсрэг байгууллагааас ОХУ-ын шигшээ багийг Бразил улсад болох Зуны олимпийн болон Пара олимпийн наадамд оролцуулахыг хориглохыг уриалж ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахад ханджээ. Тус уриалгыг дэлхийн янз бүрийн орны 20 бүлэг тамирчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
USADA, Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Трэвис Тайгерт, Канадын спорт дахь ёс зүйн төвийн захирал Пола Мели нар ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Гүйцэтгэх хорооны гишүүдэд илгээсэн захидалдаа “WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагаас томилсон, канадын хуульч Ричард Макларений толгойлсон Хараат бус комисс нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж ОХУ-д сэргээшийн хэрэглээг төрийн зүгээс дэмждэг тогтолцоо байгааг нотоллоо, иймд ОХУ-ын шигшээ багуудыг Зуны олимпийн болон Пара олимпийн наадмаас хасахыг ОУОХ-нд хандан уриалж байна. Гэхдээ гадаадад амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг учир сэргээшийн хэрэглээнд хамрагдаагүй, олимпийн эрх авсан оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулж болох юм, гэхдээ өөр далбаан дор оролцуулж болно.” гэж онцлон дурдсан байна. Гэхдээ Хараат бус комиссийн илтгэлийг олон нийтэд танилцуулахаас 3 хоногийн өмнө дээрх захидлыг илгээсэн нь тус комиссийн илтгэлийн нууц, мөрдөн шалгах ажиллагааны дүн яагаад задарсан гэсэн асуултыг тавихад хүргэж байна.
Дээрх захидлыг хүлээн аваад ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах байр сууриа илэрхийлэхдээ “Профессор Р.Макларений удирдсан Хараат бус комиссийн мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн Өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын үеэрх сэргээшийн шинжилгээнд хамаарч байсан юм. Оросын багийг Рио-де-Жанейро хотод болох олимпийн наадмаас хасах нь шудрага бус үйлдэл болно.” гэжээ.
Өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын үеэр сэргээшийн шинжилгээнд гарч байсан луйврын талаар хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тухай илтгэлээ Хараат бус комисс нь өнөөдөр олон нийтэд хэвлэлийн бага хурал хийж танилцуулах юм.
Профессор Р.Макларен нь өмнө нь ВАДА-гийн комиссийн бүрэлдэхүүнд Бүх оросын хөнгөн атлетикийн холбоо, Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори, РУСАДА, Оросын сэргээшийн эсрэг агентлагийн үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан ажээ. Тухайн үед уг комиссийн тавьсан илтгэлийг иш үндэс болгон Москва дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг зогсоож РУСАДА, Оросын сэргээшийн эсрэг агентлагийг ВАДА-гийн дүрмийг зөрчиж байна гэж үзэж IAAF, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноосБүх оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг зогсоож байсан юм.
Төсвийн хөрөнгө мөнгө завшиж авилга авч байсан гэмт хэрэгтээ шийтгэл хүлээхээс зайлсхийж АНУ-д зугтан очиж “ОХУ-д сэргээш хэрэглээний хөтөлбөр” гэгч байдаг гэж нотолж “авчирсан мэдээллээ” өндөр үнэд хүргэсэн Москва дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн захирал байсан Григорий Родченкогийн мэдэгдлийг иш үндэс болгон оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх далд үйл ажиллагааг АНУ-ын зүгээс эхлүүлсэн нь дэлхийн спортын ертөнцийг донсолгосоор байна.
Дэлхийн спортын хүчирхэг гүрнүүдийн нэг болох ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй бол олимпийн “Рио-2016” наадам нь 1980, 1984 онуудын олимпийн наадмууд шиг хурц ширүүн өрсөлдөөнгүй, хагас дутуу зэрэмдэг наадамд тооцогдох болно. “Рио-2016” наадмаас оросын багийг хасчихлаа гэхэд медаль авсан тамирчид нь дээрх дурдсан хоёр олимпийн наадмаас медаль авсан ч шудрага бус өрсөлдөөнөөр медаль хүртсэн гэж насан туршаа хэл амны бай болж байгаа тамирчид шиг байдалд орно.
Д.Өлгийсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ