УИХ, ЗГ-ын дарга, гишүүнээр хэн томилогдох вэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт зарлиг гаргаж 2016-2020 оны хугацаанд ажиллах УИХ-ын гишүүдийн анхдугаар чуулганыг энэ сарын 5-ны өдөр буюу маргааш 11:00 цагт хийх тов зарласан. Энэ дагуу МАН-ынхан парламент, засгийн газарт ажиллах гишүүддээ албан тушаалыг нь хувиарласан байна. МАН-аас нэр дэвшин, сонгогдсон УИХ-ын 65 гишүүний 45 гишүүн нь анх удаа парламентад сонгогдож байгаа хүмүүс юм. Тэдний хувьд шинээр томилогдох МАН-ын Засгийн газарт орж ажиллах, давхар дээл нөмрөх нь энэ дөрвөн жилдээ биелэхгүй мөрөөдөл нь болсон байна.Учир нь МАН-ын удирдлагууд Засгийн газартаа хоёр болон түүнээс дээш сонгогдсон гишүүдээ томилохоор болсон байна.
Тухайлбал МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын алба хаших бол, Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэвшүүлж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн даргад яруу найрагч Ж.Мөнхбат томилогдох ажээ.М.Энхболдын хувьд ирэх 2017 оныЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэвэл тэрээр УИХ-ын даргын албыг бүтэн дөрвөн жилийн хугацаанд хашиж чадахгүй нь тодорхой, иймд Н.Энхболдын нэр ч тус албан тушаалд яригдаж байгаа аж.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын нэр яригдаж байна.Энэ хоёроос С.Бямбацогтыг цөөнх байхдаа бүлгийн дарга хийж байсан гэдгээр нь Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга болгох магадлал өндөр байгаа аж.
Харин хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар, Батлах хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Боловсролын сайдад Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайдад Н.Хүрэлбаатар, Ж.Цолмон, Уул уурхайн сайдад Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Hийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Т.Ганди нарын нэр яригдаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ