Сонгуулийг 413 сэтгүүлч сурвалжилна
-Харааны бэрхшээлтэй иргэн баррель үсэгтэй хавтас ашиглаж санал өгнө-
Сонгууль маргааш эхэлнэ. Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан эсэх, зөрчил дутагдал гарсан эсэх талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/, Нийслэлийн сонгуулийн хороо болон холбогдох албаны хүмүүс СЕХ-ны байранд мэдээлэл хийлээ.
-Санал авах ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ удаагийн сонгуулиар аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагджээ. Эдгээр сонгуулийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Сонгуулийн санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох гарах гарцыг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барель үсэгтэй хавтас хэвлүүллээ. УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ аваад байна. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ аваад байна” гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Дашрамд дуулгахад сонгогчийн үнэмлэх хэрэглэхээ болиод удсан тул иргэн хурууны хээгээ шалгуулаад санал өгөх эрхтэй юм байна. Харин тухайн иргэний хурууны хээ янз бүрийн шалтгаан нөхцлийн улмаас гэмтэж бүдгэрсэн бол заавал иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаагаа үзүүлж, саналаа өгнө.
-“Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр ажиллана. Сонгууль зохион байгууллах ажиллагаанд 3966 төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажиллана. Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд зааснаар өнөөдөр эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 3978 хүн зөөврийн хайрцгаар санал өгнө” гэж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Сурталчилгаа зургаадугаар сарын 27-ны 00.00 цагт зогссон. Гэвч сошиалд байршуулсан тухайлбал фейсбүүк, твиттерт байршуулж байсан сурталчилгааг яах ёстой вэ?
-Сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдана. Хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулахыг хориглоно. Фейсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ