Н.Энхбаяр: МАН олонхи болвол 60 тэрбум төгрөгөө 600 тэрбум болгож ард түмнээс хулгайлна
МАН-ын удирдлагууд төрийн албыг худалдаж, сонгуулийн төсвөө босгосон баримт дэлгэгдсэн билээ. МАХН-ын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, МАН-ын хууль бус үйлдлийн талаар байр сууриа илэрхийллээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын нэрийн өмнөөс, нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчээ төлөөлөөд Монголын ард түмэн ийм ноцтой байдалд хүрсэнийг анхааоуулж байна. Энэ бол зүгээр албан тушаал худалдаж байгаа хэрэг биш. Монголын төрийг худалдсан байна. Ямар хямдхан Монголын төрийг худалдаж байна вэ. М.Энхболд, Ц.Сандуй, Г.Ганбаатар гэсэн нөхдүүд 30 сая ам.доллараар Монголын төрийг худалдчихаж. Монголчуудаа сэрээч. Худалдагдсан төр тэдний гарт орвол 60 тэрбумыг 600 тэрбум болгож төрөөс хулгайлна. Энэ 600 тэрбумыг ард түмнийхээ халааснаас хулгайлж, луйвардаж авна. Тэд албан тушаалд очоод ард иргэдийг зөвшөөрөл авахаар ороход хүлээлгэж, хүнд суртал гаргаж байгаад ард иргэд аргагүйн эрхэнд авлига өгнө. Энэ мэтээр монголын гурван сая ард түм тэднийг сонгосных нь төлөө дахин татвар авна, дахин зовооно. Оюутны тэтгэлэг дэмжигдэхээ болино, орон сууц барихаа боль, ахмадуудынхаа эмчилгээ, Монгол Улсыг хөгжүүлэх мөнгийг цөөн хэдэн хүн авна. Энэ бол байж болшгүй зүйл. Прокурор, шүүх, цагдаа, АТГ-ынхан хаана байна. М.Энхболд гэсэн гүйцэтгэгчтэй мафи Монголын төрд бий болчихсон байна гэдгийг нотоллоо. М.Энхболд тэргүүтэй МАН-ын толгойд гарсан нөхдүүд та нарыг эрх ашиг, итгэл, найдварыг худалдчихлаа.
МАН, МАХН хоёр хамтарч сонгуульд оролцох яриа хэлэлцээр хийгдэж байх үед гэнэт маш хатуу, эсрэг шийдвэр гаргасны учрыг ойлголоо. Төрийн албыг худалдах хууль бус үйлдлийг МАХН зөвшөөрөхгүй учраас нүүр буруулж, эвсэхээ больсон байна. Ингэж ард түмнээ доромжилж болохгүй. Сонгууль болоогүй байхад нь дүнг нь гаргаж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Гэхдээ энэ бүхний дараа МАН олон суудал авахгүй. Ард түмэн төрөө худалддаг намыг сонгохгүй. Хэрвээ МАН олон суудал авсан гэсэн дүн гарвал шал худлаа сонгууль болсон байна гэдгийг батална. Үүнийг шалгаж, Монголын төрийг ийм бусармаг зүйлээс цэвэрлээчээ гэж хууль, шүүхийн байгууллагаас хүсч байна” гэлээ.
Н.ЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ