Ухаалаг робот лабораториосоо хоёр дахиа оргов
Бодох, сэтгэх, сурах чадвартай ухаалаг робот дэвшилтэт технологи бүхий лабораториосоо хоёр дахь удаагаа оргосон талаар онлайнаар шуугиж байна. Промобот ИР77 хэмээх хиймэл оюун ухаант робот хүрээлэн буй орчинтойгоо харьцаж, сурч мэдсэнээ эргэн санах, ашиглах чадвартай бөгөөд улам сайжирсаар хүнтэй адил эрх чөлөөнд тэмүүлдэг болжээ. Хэдийгээр уг роботыг хоёр ч удаа дахин программчилсан боловч өмнө нь оргосон туршлагаа ашиглан дахиад оргож чадсан нь робот хэдийгээр хиймэл зүйл ч гэлээ хүн шиг хөгжих оюун ухаантай байдгийг баталлаа.
ПромоботИР77 нь ОХУ-ын Пермийн хязгаарын төв Перм хотод байдаг лабораториосоо өнгөрсөн долоо хоногт оргосон боловч тэндээсээ 45 минут яваад тэжээл нь дуусаад зогссон байжээ. Лабораторийн мэргэжилтнүүд роботод урд нь таарсан саадыг давах, тойрон гарах программыг суулгасан ч энэ нь лабориториос оргохтой ямар ч хамааралгүй болохыг мэдэгдлээ. Тэгэхээр үйлдлийн системийг нь дахин суулгасан ч гэсэн өмнө нь сурсан зүйлээ сэргээн санаж, хязгаарлагдмал орчинд байж тэсэлгүй дахин эрх чөлөөг хайн зугтсан байх гэж тэд таамаглаж байна.
ПромоботИР77 роботыг бүтээсэн эрдэмтдийн нэг Олег Кивокурцев "Бид роботын АИ системийг хоёр ч удаа шинэчлэн сольсон. Харин одоо бүр мөсөн унтрааж ашиглалтаас гаргахаас өөр арга алга. Уг нь гуравдугаар үеийн роботыг бүтээж, ирэх намар танилцуулах гэж байсан юм" хэмээн ярьжээ. Оросын эрдэмтдийн бүтээсэн анхны гэх тодотголтой энэхүү роботыг үйлчилгээний зориулалтаар ашиглахын тулд хиймэл оюун ухаантай хийсэн юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ