П.Орхон алт, О.Насанбурмаа мөнгө, Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ
Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ удаагийн “Poland Open-2016” олон улсын тэмцээний 60кг-д П.Орхон түрүүлж, Б.Шоовдор мөнгөн медаль хүртлээ.
60кг-д таван бөх барилдсан учраас хоорондоо тойргийн журмаар барилдсан. ОУХМ П.Орхон нэгдүгээр тойрогт Польшийн бөх Жовита Вржесейнийг 10:0 оноогоор цэвэр хожиж хоёрдугаар тойрогт мөн л тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Кубату Наталияг цэвэр ялсан.
Дараагийн тойрогт Польшийн бөх Катарзина Мадровскаг 4:2 онооны харьцаагаар ялж яваад цэвэр ялагдсан.
Дөрөвдүгээр тойрогт ОУХМ Б.Шоовдорыг 7:0 онооны харьцаагаар ялж түрүүлжээ. П.Орхон, Б.Шоовдор нарын барилдааны оноо 12:12 харьцаагаар тэнцсэн ч П.Орхон нийт 27 техникийн оноо авч 4 оноо алдаж Б.Шоовдор 26 техникийн оноо авч 7 оноо алдсан байна.
Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ удаагийн “Poland Open-2016” олон улсын тэмцээний 69кг-д О.Насанбурмаа мөнгөн медаль, Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ.
69кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Украйны бөх, дэлхийн аварга Алёна Махиняг 10:6 оноогоор ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Эльмира Сыздыковаг 11:4 оноогоор яллаа. Алтан медалийн төлөө Шведийн бөх, дэлхийн аварга Женни Франссонтой өрсөлдөж цэвэр ялагджээ.
ОУХМ Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт Египетийн бөх Мостафа Юсеф Енасыг 4:0 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө Шведийн бөх, дэлхийн аварга Женни Франссонтой барилдаж 0:8-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөө Польшийн бөх Агнежка Вьежчек Кордустай барилдаж 7:1 онооны харьцаагаар хожжээ. Ийнхүү энэ өдөр дэвжээнд гарсан Монголын дөрвөн бөх бүгд медальд хүрчээ.
Эмэгтэй 60кг
1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, ШУТИС,
үндэсний шигшээ баг/
2. Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб,
үндэсний шигшээ баг/
3. Катарзина Мадровска /Польш/
3. Кубату Наталия /Польш/
П.Орхоны хувьд энэ тэмцээнээс 2014 онд мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү түрүүллээ. Тэрбээр 2016 он гарсаар Бүх ард түмний спортын наадам, И.Ярыгиний нэрэмжит “Гранпри” тэмцээн, Италийн "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн гээд оролцсон тэмцээн бүртээ түрүүллээ.
Харин Казахстан улсын Астана хотод болсон олимпийн сонгон шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж Рио-2016 зорих эрхтэй болсон. 58кг-д Японоос Каори Ичо аварга очсон тул П.Орхоныг 60кг-д барилдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ