П.Орхон жин өгсөн 60 кг-ын жинд барилдана

Өнөөдөр Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн 20 дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн эхэлж байна.

Тэмцээний сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нийтдээ Азербайжан, Алжир, АНУ, Армян, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Гвиней-Биссау, Голланд, Египет, Иран, Казахстан, Камерун, Киргиз, Колумб, Куба, Латви, Марокко, Молдав, Монгол, Норвег, Польш, ОХУ, Румын, Сенегал, Словак, Тунис, Турк, Узбек, Украин, Унгар, ХБНГУ, Швед, Эквадор, Япон зэрэг 36 орны бөхчүүд оролцож байна. Тэдний дотор олимпийн наадмын эрхээ авсан олон бөхчүүд байна.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.

60 кг-ын жинд 5 бөх нэрээ бичүүлсэн учир бөхчүүд хоорондоо тойргийн журмаар барилдана. Эхний тойрогт олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/ польшийн бөх Жовита Вржесейнтэй, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын барс” клуб, үндэсний шигшээ баг/ польшийн бөх Катарзина Матковскитэй барилдана.

69 кг-ын жинд 8 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компани, үндэсний шигшээ баг/ нэгдүгээр тойрогт украины бөх, дэлхийн аварга Алёна Махинятай таарч олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт египетийн бөх Мостафа Юсеф Енастай хүч үзнэ.

Маргааш 58 кг-ын жинд японы алдарт бөх Каори Ичо, 63 кг-ын жинд АНУ-ын бөх, дэлхийн аварга Е.Пирожкова, украины бөх, дэлхийн аварга Ю.Ткач, азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич нар барилдах юм байна.

П.Орхон жин өгсөн 60 кг-ын жинд барилдаж байгаа юм. Тэрээр Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүлж байсан билээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ