“Poland Open” тэмцээнд Олимп, дэлхийн аварга Каори Ичо барилдана
Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн 20 дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд манай эмэгтэй баг оролцож байна. Итали улсын Сасари хотод болсон олон улсын “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцсон манай бөхчүүд тэнд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод Польш улсад ирж тус улсын эмэгтэй үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийгээд энэхүү тэмцээнд оролцохоор болсон юм.
20 дахь Польшийн нээлттэй тэмцээнд оролцохоор АНУ, Иран, Казахстан, Монгол, ОХУ, Герман, Швед, Японы бөхчүүд мэдүүлгээ өгсөн бөгөөд 58 кг-н жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Олимп, дэлхийн аварга Каори Ичо барилдана гэсэн нь олны анхаарлыг татаж байна. Хуваарь ёсоор өнөөдөр тэмцээний бүх жингийн үзлэг болж эхний өдөр 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.
58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/, П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/, Б.Шоовдор /ҮБТДС, үндэсний шигшээ баг/, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ баг/, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа / “Алтай констракшн” компани,Төмөр замын цагдаа, үндэсний шигшээ баг/, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.
Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Б.Эрдэнэболд, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар оролцож байна.
Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад Польшийн нээлттэй тэмцээнд манай тамирчдаас өмнө нь 2014 онд ОУХМ С. Бямбацэрэн, МУГТ С. Цэрэнчимэд, МУГТ С. Батцэцэг, 2015 онд ОУХМ Б. Шоовдор, МУГТ О. Насанбурмаа нар тус тус түрүүлж байжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ