Малчдын захиалга хэрэгжихэд бэлэн
Ард иргэдийн нийтлэг эрх ашигт нэн хамаатай ч хууль тогтоох байгууллагын сейфэнд хав дараастай хэд хэдэн хуулийн төсөл байна. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд ард иргэд, ахмад настнууд, малчин түмнийхээ захиалга, даалгавраар бодитой хуулийн төслүүд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Гэвч эдгээр хуулийн төсөл эрх баригч намын даргын үзэмжээр хэлэлцүүлгийн шатнаас гээгдсээр парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгаж байна. Тухайлбал, Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, азай буурлууддаа "Ач санах" хуулийн төслийг онцлон дурдаж болно.
Тойрог болон орон нутагтаа ажиллах бүрт гишүүдийн чихнээс хонх уядаг нэг зүйл бол яах аргагүй малчдын нийгмийн хамгааллын асуудал байдаг. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөр эрхэлж онцгой нөхцөлд ажилладаг малчдын тэтгэврийн насыг наашлуулбал эмэгтэйчүүд 50 насандаа, эрчүүд 55 насандаа тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх юм. Байнгын хорооны босгыг давсан боловч харамсалтай нь энэ хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн хуралдааны “барааг харж чадалгүй” гацсан. Харин Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах заалт тусгаад байна. Хуулийн төсөл нь бэлэн, боловсруулагдаад хоёр жил болсон учраас Монгол Ардын Нам малчин түмнийхээ захиас хүсэлтийг биелүүлэх бүрэн боломжтой. Энэ хуулийн төслийг Монгол Ардын Намын бүлгийн гишүүд санаачлан боловсруулж, 2014 оны нэгдүгээр сард олон нийтэд мэдээлж, зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлжээ.
Энэ хуулийн төсөл малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна малчид нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох заалттай юм. Мөн Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон төлөх боломжгүй байсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг малчдад олгох зохицуулалттай ажээ. Өөрөөр хэлбэл, малчдад тулгамдаж буй олон асуудлыг нэг дор шийдэх хуулийн төсөл парламентын хэлэлцүүлэгт ороход бэлэн хүлээгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ