Хятадын тал эсэргүүцсэн ч Обама Далай ламыг хүлээн авч уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Түвдийн шашны удирдагч, Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Далай лам Ерөнхийлөгч Обаматай БНХАУ дахь түвдүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тодруулбал Түвд дэх хурцадмал нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Далай лам болон түүний төлөөлөгчид Хятадын эрх баригчидтай шууд яриа хэлэлцээ хийх хэрэгтэйг Обама онцоллоо.

Түүнчлэн Түвд БНХАУ-ын нэг хэсэг, АНУ Түвдийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэдгийг Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байна. Обама зөвхөн сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суухад нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест хэллээ.

Харин үүний хариуд Далай лам Түвдийг тусгаар тогтнуулахыг санаархахгүй байгаа бөгөөд түүний төлөөлөгчид болон Хятадын Засгийн газар хооронд яриа хэлэлцээ сэргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Далай ламыг Барак Обаматай уулзана гэх мэдээлэл анх гарахад Хятадын талаас эсэргүүцэл илэрхийлэн, энэхүү үйлдэл хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгаж магадгүй гэж анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч хүндтэй зочидоо ихэнхдээ Зууван танхимдаа хүлээн авдаг байсан бол энэ удаад Далай лам, Обама нарын уулзалт өөр өрөөнд хаалттай хаалганы цаана боллоо.

Обама болон Далай лам дөрөв дэх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Тэд хамгийн сүүлд 2014 оны хоёрдугаар сард уулзсан.

Далай лам нь 1959 онд Хятадын Засгийн газрын эсрэг тэмцэл явуулсан ч ялагдал хүлээн Энэтхэг рүү дүрвэн гарсан юм.Далай ламыг Түвдийн салан тусгаарлагчдын удирдагч гэж Хятад улсын Засгийн газар үздэг бөгөөд өөр улсын төр, Засгийн газрын тэргүүн түүнтэй уулзахад дургүй байдаг юм.

Эх сурвалж: ВВС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ