Б.Маралжингоо: Эми Уайнхаусыг дууриах хамгийн хэцүү санагдсан
Монголын рок попын урлагт содон, хүчтэй хоолойгоороо онцгойрч чаддаг залуу дуучин Б.Маралжингоотой ярилцлаа. Тэрээр “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогчдын нэг билээ.
-Та энэ долоо хоногт алдарт дуучин Жеймс Брауныг дуурайна. Түүний ямар дууг дуулах вэ?
-Жазз хөгжмийг үндэслэгч, тэр алдартай дуучны дүрд хувирна. Энэ хүн тайзан дээр мөнхийн эрч хүчтэй, жинхэнэ урлагийн гэмээр гал халуун цустай хүн. Түүний “I Feel Good” дууг дуулна.
-Анх удаа эсрэг хүйстэй хүний дүрд хувирна. Бэрхшээлтэй зүйл гарч байна уу?
-Мэдээж эрэгтэй хүнийг дуурайна гэдэг хэцүү. Жеймс Браун их царгисан хоолойтой. Миний дуулах “I Feel Good” дуугаа тэр нилээн хөгширсөн хойноо дуулсан юм билээ. Тэгэхээр настайдуу эрэгтэй хүний дуу хоолойг 25 настай эмэгтэй дуурайна гэдэг хэцүү л дээ.
-Өмнөх дүрүүдээс "Яг түүн шиг" болоход хамгийн хэцүү нь хэн байв?
-Дуурайх үнэхээр боломжгүй дүр одоо ч гэсэн байна. Шоуны хоёр дахь дугаарт дуучин Эми Уайнхаусыг дуурайхад их хэцүү санагдсан. Надаас тэс өөр хоолойтой. Нэг л яах учраа олохгүй байсан. Дуулалтыг нь мэдээд байгаа хэрнээ. Лифтнээс дээшээ өгсөөд тайзан дээр гарах хүртлээ өөрийгөө юу хийх гэж байгаагаа ойлгохгүй, их сандарсан. Гэтэл тайзан дээр гараад бүхнийг орхиж, өөрөөсөө гарамгүй хөдөлгөөнийг хүртэл хийж эхэлсэн ш дээ.
-Эсрэгээрээ таныг Эми Уайнхаус болоход амар байсан гэж бодож байлаа?
-Ерөнхийдөө түүнийг мэднэ, дуунуудыг нь сонсдог. Гэхдээ би согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж чаддаггүй хүмүүсийн нэг. Ер нь тэгээд хүнийг мэддэг, шүтдэг байх тусмаа илүү их сандарч ,эмээдэг юм шиг.
-Өөрөө харин ч азтай гэмээр. Ер нь л их тохирсон дүрүүд таарч байх шиг санагдсан?
-Азтай ч юу байхав. Нарийн харвал, надад таарсан хүмүүс бүгд тэс өөр хоолойтой, шал ондоо хүмүүс байсан. Чамайг өөр хоолой, өөр биеийн хөдөлгөөнийг дууриа гэвэл сонирхолтой бөгөөд асуудалтай санагдаж байгаа биз дээ. /инээв/
-Та шоуны оролцогчдоос дуулалтаараа эрхгүй ялгардаг. Энэ тухай үзэгчдийн зүгээс ямар хандлага мэдрэгдэж байна?
-Би гэлтгүй үзэгчид шоуны найман оролцогчийг бүгдийг нь их эерэгээр хүлээж авч байгаа санагдсан. Бид хоорондоо өрсөлдөхөөсөө илүүтэй хүмүүсийг стрессээс хол байлгахыг хичээж байна. Нэвтрүүлгийн маань зорилго ч гэсэн сонгуулийн стрессээс холдуулж, хүмүүсийн дунд эерэг хандлага түгээх. Дэлхийн 39 оронд гарч байгаа алдартай шоу Монголын үзэгчдэд хүрч байгаа нь өөрөө сайн хэрэг юм. Хүмүүс бидэнд сайн хандаж байгаа нь сайхан санагдалгүй яахав.
-“Яг түүн шиг” шоуны эхний хоёр дугаарт түрүүлсэн. Одоо та өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?
-Айхтар итгэлтэй зүйл алга. Хийсэн үзүүлбэрүүдээ харахад ахин дахин үзээд баймаар дурсамж үлдээж байгаа нь надад их таалагдаж байгаа. Эргэн дурсахад сэтгэлд ойр нэвтрүүлэг болж байна. Ямар ч байсан өмнө дуурайсан болон одоо дуурайх бүх дүрүүддээ сэтгэл хангалуун байгаа.
-Та шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн. Шоуны хажуугаар цомогтоо анхаарч амжиж байна уу?
-Би шинээр долоон дуу хийлээ. Эхнээс нь клипжүүлж байгаа. Зун болоод ч тэрүү бүтээл хийхэд урамтай байна. Шоуны шахуу бэлтгэлтэй байгаа ч амжуулж байгаа.
-Зун гэснээс та өндөр өсгийтэй гутлаар хэр гоёдог вэ?
-Аль болох биед эвтэйхэн, чөлөөтэй хувцас өмсөх дуртай. Ер нь өмсчихсөн байхад өөртөө итгэлтэй алхуулах, сэтгэлээр унагаахгүй хэрнээ биед зовлон учруулдаггүй гутал өмсдөг.
-Тэгэхээр өсгийтэй гутал өмсдөггүй гэсэн үг үү?
-Ажлын шаардлагаар хааяа өмсдөг. Энгийн үед өмсдөггүй юм.
-Нүдний шилгүйгээр өөрийгөө төсөөлдөг үү?
-Нүдний шил цуглуулах дуртай. Шил бол миний байнгын хэрэглээ гэж хэлж болно.
-Та хувийн ажил хөөцөлдөөд, ойрд зав бага байх шиг байна. Юу гэдгийг нь сонирхож болох уу?
-Удахгүй АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа. Ажил 80 хувьтай бүтэж байна. Урлагаас өөр чиглэлээр суралцана. Гэхдээ урлагтаа хайртай хэвээрээ байх болно.
-Таныг гадаад найз залуутай гэх яриа сонсогдсон?
-Надад маш олон гадаад найз бий. Зарим найзууд маань монгол гэр бүлтэй. Найзуудтайгаа явж байсныг маань харсан байх л даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ