24VS24: Бичлэгтэй утасны учиг хаана тайлагдах вэ

“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай нар өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхитатаж, архидан согтуурч байгаа 25 секундын бичлэгийг олон нийтэд тараасан. Уг бичлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм” гэж хэлсэн байдаг. Энэхүү бичлэгийг тараасан сэтгүүлч Т.Алтаншагай “Уг бичлэг надад зургадугаар сарын 5-нд “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай, амжилт хүсье гэсэн дугтуйтай ирсэн. Дугтуйнд улаан өнгийн флаш байсан бөгөөд уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн халамцуугаар ёс бус үг хэлж байгаа бичлэг байсан. Шууд гаргах боломжгүй учир хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн” гэсэн юм. Уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд тэрбээр бичлэгтэй утсаа алдсан гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт мэдүүлсэн байна. Харин алдагдсан утасных нь бичлэг сэтгүүлч Т.Алтаншагайгийн гарт очсон нь энэ аж. Эрхэм гишүүний утсыг ямар хулгайч яаж хулгайлсаныг цагдаагийнхан удахгүй тодорхой болгох буй за.

Харин хуульч Х.Бат-Ялалт “Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи, тамхины эсрэг хууль санаачлан баталчихаад Төрийн ордонд архидан согтуураад сууж байгааг харах үнэхээр шившигтэй санагдсан. Бичлэгийг Л.Эрдэнэчимэгт үзүүлж, бичлэг ямар учиртай талаар асуухад тэр “дансаа өгчих” гэж хэлээд шууд 50 сая төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь зээл гэж бичсэн байсан. Харин энэ юун мөнгө вэ гэхэд “Насан туршийн зээл гээд бодчих” гэж хэлсэн” гэсэн юм.

Тэгэхээр Х.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэг гишүүн рүү дансаа явуулаад мөнгөө авсныхаа дараа хэвлэлийн хурал хийж сенсааци тарьсан байх нь. Уг үйл явдлын талаар нийгмийн сүлжээ хэрэглэгчид өөр, өөрсдийн дүгнэлтийг хийж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянгыг хамт архи, ууж наргичихаад нэгнийхээ бичлэгийг олон нийтэд цацдаг увайгүй гэсэн сэтгэгдлийг давамгайлан явуулж байгаа юм. Мөн Х.Бат-Ялалт болон Т.Алтаншагай нарыг эр хүн шиг шударгаар өрсөлдөж чадахгүй “хог”-ийн үйлдэл гаргасан хэмээн буруутгаж байгаа юм. Ер нь тэдний уг үйлдэл өөрсдийнх нь нэр хүнд, рейтингийг давхар унагаад байна. Үүнтэй хамт Л.Эрдэнэчимэг гишүүний нэр хүнд ч мөн унаад байна.

Хамгийн сонирхолтой нь Н.Алтаншагай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар нэг тойрогт хүч үзэж байгаа юм. Тиймээс өрсөлдөгчөө намнахын тулд ийм үйлдлийг хийсэн байж болох юм гэж олон нийт харж байна. Харин уг бичлэгийг хийсэн хэргийн эзэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон сенсаацийн эзэн Л.Эрдэнэчимэг нар уг асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг 24 VS 24 булангаараа хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

Би бичлэгийг үзээгүй байна. Үүний дараа тайлбар хийнэ. Би Х.Бат-Ялалтад 50 сая төгрөгийг зээлсэн. Түүнээс амыг нь хаах гэж өгөөгүй.

УИХ-ын гишүүн Г.Уянга

Би бичлэг хийсэн гар утсаа алдсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн. Уг бичлэг Х.Бат-Ялалтын гарт очсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ