Нэр дэвшигчдийн нэрсийг ижилсүүлэх тактик хэнийх вэ

Энэ удаагийн сонгууль таашгүй оньсого болоод байна. Учир нь урд хожид үзэгдэж байгаагүй сонирхолтой олон үйл явдлууд болж байна. Өчигдөр СЕХ-ноос "бүх" нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг албан ёсоор зарлаад буй. Гэтэл жагсаалтад ижил овогтнууд, ижил нэртнүүд, ижил овог, нэртнүүд байна. Бүр нэг тойрогт байна. Энэ нь тохиолдол уу, эсвэл хэн нэгний санаачлага уу гэдгийг мэдэхгүй ч, яах аргагүй олон нийтийн дунд элдэв хардлагыг төрүүлэх боллоо.Жагсаалтаас нэр нэгтнүүдийг дурдвал:

-Шинэнсамбуугийн БАТСАМБУУ /МАН/, Шинэнсамбуугийн САЙХАНСАМБУУ /ТТЭНН/ нар Завхан аймгийн 18-р тойрогт,

-Ядамсүрэнгийн САНЖМЯТАВ /АН/, Адъяабалжирын САНЖМЯТАВ /Бие даагч/ нар Завхан аймгийн 17-р тойрогт,

-Шагдаржавын ГАНБОЛД /МАХН/, Батаагийн ГАНБОЛД /Бие даагч/ Дорнод аймгийн 15-р тойрогт,

-Жамбын БАТСУУРЬ /АН/, Жамбын ЭНХБААТАР /МАХН/ нар Сүхбаатар аймгийн 24-р тойрогт,

-Болдын ЖАВХЛАН /МАН/, Болдын ЖАВХЛАН /МУНН/ нар Дархан-Уул аймгийн 44-р тойрогт,

-Цэдэнбалын ЦОГЗОЛМАА /МАН/, Бадраагийн ЦОГЗОЛМАА /ИХН/ Сүхбаатар дүүргийн 62-р тойрогт,

-Рэгзэнгийн БАТБАЯР /БНН/, Ганхүүгийн БАТБАЯР /ЭЧХН/ нар Чингэлтэй дүүргийн 63-р тойрогт,

-Шаравдоржийн ТҮВДЭНДОРЖ /АН/, Ичинноровын ТҮВДЭНДОРЖ /БНН/ нар Сонгинохайрхан дүүргийн 75-р тойрогт тус тус өрсөлдөнө. Анзаарсан бол овог, нэрийн давхцал ихэвчлэн орон нутагт байгаа юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн 24-р тойргийн дөрвөн нэр дэвшигчийн гурав нь "Эрдэнэ"-ээр эхэлсэн нэртэй байх зэргээр ойролцоо нэртнүүд нэг тойрогт өрсөлдөгч болон сонгуульд оролцож байх юм.

Энэ үнэхээр санамсаргүй тохиолдлууд уу, эсвэл ямар нэгэн тактик уу? Ямартай ч иргэдийн сонгуулийн боловсрол харьцангуй дээшилсэн гэдэгт эрхэм нэр дэвшигчид болон дэвшүүлэгчид хараахан итгэхийг хүсэхгүй байгаа бололтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ