Уруудаж байхдаа N дээр тавиад өнхөрүүлэх зөв үү?
Автомат кропыг явдал дунд салгах үед ган болон фердо дискүүдийн эргэлт зөрж харилцан адилгүй хурдтайгаар эргэж эхэлнэ. Мөн энэ үед тухайн арааны шугамын тосны даралтыг кропны компьютер шилжүүлсэнээр тосны шахуурга тосыг шууд тэвш рүү юүлж байдаг. Тосны шахуурга зогсохгүй. Эргээд D байрлалд рычагийг шилжүүлье. Энэ үед кропны компьютер автомашины хурдыг тооцоолж шаардлагатай арааг сонгож тухайн арааны тосны шугамыг нээснээр тохиромжтой араанд хийнэ. Ахин нэгдүгээр араанаас эхэлдэггүй байх нь.
Харин ахин залгах үед тухайн арааны зөрүүтэй эргэж буй ган болон фердо дискүүд нийлэх үедээ харилцан үрэлцэнэ. Энэ нь хэвийн үед залгагдах үеийн элэгдлээс илүү элэгдэл үүсгэнэ. Энэ үрэлтээс үүсэх нарийн ширхэг бүхий үртэс нь тосны бохирдлыг түргэсгэнэ. Бохирдсон тос илүү өтгөрч урсамтгай чанар муудсанаар араа удаан шилжих, цохилттой шилжих зэрэг доголдодлууд мэдэгдэж эхэлнэ. Ингэснээр кропны элэгдэл түргэсч эвдрэх шалтгаан болно.
Нөгөө талаар бусад механик эд ангиудад тухайлбал редуктор, кардан голын чагтан холбоос, хагас голд нэг талруу ханарсан хүчээр үйлчилж холхиог хэвийн үеийнхээс илүү түргэн үүсгэнэ.
Аюулгүйн талаасаа авч үзвэл N дээр өнхрүүлэх үед автомашин сул өнхөрч замын гадаргуу гэнэт өөрчлөгдөн нэг тэнхлэгийн хоёр дугуйнд харилцан адилгүй үрэлт үйлчилж шарвалт үүсэх аюултай. Ялангуяа их хурдтай үед. Мөн орчин үеийн шарвалтийн эсрэг болон, хий эргэхээс сэргийлэх, тогтворжуулах электрон систем нь хөдөлгүүрийн хүчийг дугуйд хуваарилахдаа кропоор дамжуулан хуваарилдаг бөгөөд энэ хяналт тухайн эгшинд салсан байна гэдэг нь эргэлт тойруу дээр шарвах, тохиромжтой хөдөлгүүрийн тоормозийг хийж чадахгүйд хүрч байгаа юм. Тиим ч учраас автомат төдийгүй механик кроптой автомашины арааг салгаж өнхрүүлэхийг хориглодог. Тохирсон араанд нь байлгахийг зөвлөдөг.
Уруу замд D байрлалд хаазны педалийг гишгээгүй өнхрүүлэх үед хөдөлгүүрийн компьютер бензиний цацалтыг хамгийн бага түвшинд тохируулан барьдаг. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт өндөр байх нь хаазалж байгаа хэрэг биш бөгөөд уруу газар дугуйн эргэлтээр эргэж байгаа юм. Гэрлэн дохион дээр эсвэл нам түгжирсэн үед удаан хугацаагаар зогсох үед хөлөө амраан N дээр тавих D-д шилжүүлэхэд кропонд халгаагүй бөгөөд машин өнхрөхгүй байхын тулд зогсоолын тоормозыг хэрэглэх хэрэгтэй. Богино хугацаанд гэрлэн дохио дээр D байрлалд тоормоз гишгээтэй байхад ямар ч асуудалгүй. Тиймээс N байрлалд шилжүүлэн өнхрүүлэх нь төдий л үр ашигтай бус буруу байх нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ