“Үрчгэр” хочтой жүжигчин Дээгий хэний ачаар эхнэртэй болсон бэ...

Хамтлагийнхаа хамгийн царай муутай нь хэмээгдэж явсан ч жүжигчин Д.Дэлгэрсайхан энэ үгэнд ер эмзэглэдэггүй юм билээ. Энэ нь ч их учиртай аж. Малын бэлчээрт хонь хариулж явахдаа нэг л өдөр “Жүжигчин болно” гэж шийдсэн мань эрийг ээж нь ихэд гайхаж “Миний хүү намхан, царай муутай учраас жүжигчин болж чадахгүй ээ. Үрчийчихээд малаа л маллаж бай” гэжээ.

Ээжийнхээ 40 насны босгон дээр гарсан айлын отгон хүү гэр орны ажилд хэнийг ч дагуулахааргүй байсан тул ийнхүү хориглосон ч байж болох. Харин цаадах нь зөрүүдэлсээр байгаад хотод ирсэн бөгөөд хожим нь ээжийнхээ “Хүүгээ ийм мундаг жүжигчин болоод өнөр өтгөн, сайхан амьдрахыг харлаа” хэмээн уйлахад сая нэг юм санаа нь амарсан гэдэг.

Тэгвэл өдгөө 40 насны босго даваад байгаа жүжигчин эрийн эхнэр нь сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй байдаг бөгөөд тэд хоёр хөөрхөн охинтой аж. “Маск” продакшны адтай жүжигчин Ш.Жавхлан найз охиноо анх түүнтэй танилцуулсан бөгөөд царай муутай ахынхаа гэргий болгох гэж ихэд “найрсан” гэдэг шүү. “Хэрвээ жүжигчин болоогүй бол өдийд Партизаныхаа сангийн аж ахуйд трактор барьж, хадлан хадаад явдаг хөдөөний бор залуу байх байсан даа” хэмээн дурсах дуртай жүжигчин Д.Дэлгэрсайхан эхнэрийнхээ эрхэлж буй бизнесийг нэлээдгүй нууцалдаг юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ