Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийхнийг Нийслэлийн сонгуулийн хороо хасчээ

Өнөөдөр Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар нийслэлийн Сонгуулийн хороонд өргөдөл гаргаж буй талаар мэдээлэл хийв. Эвслийн удирдлагуудын зүгээс “Сонгуулийн тухай хуулийг будлиантай хийж хуйвалдааны хууль болсон. Бид хараад сууж байсан. Одоо бол даварсан зүйл болж байна. Одоо бол өөр сонголт хийх цаг нь болсон байх. Бид эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээлээ.

Хэвлэлийн хурлын үеэр нэр дэвшигч Г.Батбаатар “Миний хувьд Баянзүрх тойрогт нэр дэвшсэн. Нэр дэвшигч нийт 501 хүний санал авах ёстой байсан. Би хамгийн их санал буюу 536 хүний санал авсан. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооноос 483 хүн зөрчилтэй гэсэн шийдвэр гаргалаа. Дунд сургуулийн хүүхдийн гарын үсэг авсан гэж байгаа юм. Энэ бол худал, огт үндэслэлгүй. Би өөрийн биеэр бүх гарын үсгээ цуглуулсан. Би төдийгүй бие даан нэр дэвших материалаа өгсөн 19 нэр дэвшигчийг бүртгээгүй. Ингэж болохгүй шүү дээ. НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун 19 хүнийг нэр дэвшүүлэхгүй байж болохгүй, ядаж 3-ыг нь нэр дэвшүүлэхгүй бол болохоо байлаа гэж хэлсэн байна билээ” гэсэн.

Харин 40 дүгээр тойргоос нэр дэвшигч Б.Бундхорол “Хамгийн анх Үндэсний аудитын газар өргөдөл өгсөн. 3 өөр янзаар өргөдлөө өгсөн. Өгөх бүрт өөр өөр шаардлага тавьж байна. Манай эвслийн зүгээс 32 хүн нэр дэвшиж байгаа. Гурав хоногийн дотор эерэг хариу гарна гэж хүлээж байна. Хэрвээ эсрэгээрээ хариу гарах юм бол бид тэмцэх л болно” хэмээлээ. Мөн “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн тэргүүн Ц.Шинэбаяр “Сонгуулийн хороо шийдвэр гаргаж байхад Нийслэлийн Сонгуулийн хороо татгалзсан. Биднийг туршлага дутуу байна гэж үзсэн байна билээ. Энэ нь юу гэсэн үг юм. Бид хуулийн дагуу нэр дэвшиж байгаа. Яагаад биднийг ингэж байгааг гайхаж байна. Энэ нь ганцхан хүний асуудал биш. Нэг хүний ард маш олон хүн байдаг. Үүнийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ