Олимпийн эрхээ хасуулсан тамирчдын талаар WADA хуралдана

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос олимпийн эрх авсан сонгомол чөлөөт бөхийн тамирчдын нэрсийг жагсаалтыг өөрчилж, допингийн төрлийн эм, бэлдмэл илэрсэн гэх шалтгаанаар нэлээн хэдэн тамирчны олимпийн эрхийг цуцалсан нь спортын ертөнцөд дуулиан үүсгээд байна. Тэдгээр тамирчны дунд чөлөөт бөхийн 53 кг-д олимпийн эрх авсан Монгол Улсын тамирчин Э.Сумъяа багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уншигч та бүхэнд нэгэн таатай мэдээ дуулгая. Олон улсын олимпийн хорооноос санаачлан WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдах зөвлөлийн хурлыг Канадын Монреаль хотод шуурхай хуралдуулахаар болсон байна.

Тэд спортын ертөнцөд дуулиан, шуугиан тариад байгаа 2016 оноос хориотой эм, эмийн бодисийн жагсаалтад багтсан мельдониум болон олимпийн эрхээ хасуулаад буй тамирчдын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхээр болжээ.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр МЧБХ-ны удирдлагууд манай тамирчнаас илэрсэн мелдониумын хэмжээ WADA-aac энэ оны 4 сарын 13-нд гаргасан зөвлөмжөөр заасан хэмжээнээс бага буюу 0,7 мл/гр байхад өөрсдийн гаргасан зөвлөмжөөс буцаж тамирчдын олимпийн эрхийг түтгэлзүүлсэнд нь их гайхаж буйгаа илэрхийлсэн.

Хэрвээ WADA-ийн удирдах зөвлөлийн хурлаас нааштай хариу гарвал, Э.Сумъяагийн олимпийн эрх сэргэх магадлалтай аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ