С.Сэрчмаа: Миний амьдралаас сэдэвлэсэн киног өөр хүн өмчилчихөөд байгаа
Поп дива С.Сэрчмаатай ярилцлаа.
-Уран бүтээл хийж эхэлсэн үеэсээ та “Sally” хэмээх нэртэй болсон. Тухайн үед гадаад нэртэй монгол дуучин бараг байхгүй байсан гэхэд болно. Яагаад ийм нэр өөртөө өгсөн юм бэ?
-Дуудах нэрийг эцэг, эх өгдөг дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Намайг тэр жилийн намар төрөхөд л ээж, аав минь Сэрчмаа гэдэг нэр хайрлаж, өдий зэрэгтэй явж байна. Өөрийн нэрэндээ хайртай. Гэхдээ монгол нэрийг гаднын орнуудад дуудахад хэцүү байдаг учраас Sally гэдэг болсон. Одоо бүх найз маань энэ нэр амархан, богино гээд дөмөгчилж Sally гэж дууддаг болсон.
-Анх тавдугаар ангидаа зохиосон дуугаараа тэмцээнд орж, түрүүлсэн тухай сонсч байсан. Түүнээс хойш өөрөө дуу зохиов уу?
-Тийм. Тавдугаар ангид байхдаа ая, дуу зохиогч багачуудын уралдаанд “Хөгжмийн аялгуу” дуугаараа түрүүлж байсан. Их хөөрч баярласан. Тэр тэмцээнээс маш их урам авч, цаашид урлагийн хүн болох замд эргэлт буцалтгүй орсон гэж ч хэлж болно. Сүүлд та бүхний сайн мэдэх “Үүрд минийх гэж амлаач” дууг хийсэн.Нийтэд цацаагүй өөрийн минь зохиосон хэд хэдэн дуу бий. Цаг нь болохоор гаргана гэж хүлээж байна.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уран бүтээлийнхээ ажилд нэлээд идэвхтэй орсон. Хэд хэдэн шинэ дуун дээр ажиллаж байгаа.
-Хуучны сайхан дуунуудаа сэргээж, ремикс болгон дуулж байгаа гэсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?
-“Харанга”-ын Чука ахын надад өгсөн “Чиний бодолд би байгаасай” дууг ремикс болгож шинэчилж дуулсан. Мөн Ү.Хүрэлбаатар яруу найрагчийн тоглолтод зориулж “Эрх саран” дууг ремикс хэлбэрт оруулсан. Өөр бусад уран бүтээлээ ремикс хэлбэрт оруулах бодолтой байгаа.
-“Эрх саран” дууны клип тухайн үедээ шинэлэг содон болсон. Клип хийж байх үеийн дурсамжаа хуваалцвал?
-“Эрх саран” гэхээр нэр нь хүртэл өвөрмөц дуу л даа. Дуучин болоод хийсэн анхны клип минь учраас надад маш сайхан дурсамжтай, бас онцлогтой. Тухайн үед “G” энтертайнмэнт студи дээр клипээ хийлгэж байсан. Хөтлөгч Гантулга гол дүрд нь тоглоод л, би түүний хайртай бүсгүйн дүрд тоглосон шүү дээ. Электрон тоглоомоос сэдэвлэсэн зохиолтой. Анх клипний зохиол яригдаж байхад бүгд сэтгэлд буугаад маш гоё клип болох нь ээ, хурдан клипээ хийлгээд үзэх юмсан гэж бодож байлаа. Үзэгчид ч ам сайтай байсанд баярладаг.
Дуучин хүний хувьд эх орныхоо нэрийн хуудас болон Монгол Улсаараа овоглон тайзан дээр гарах тэр мөч бүр надад маш сайхан санагддаг.
-Уран бүтээлийнхээ ид үедээ Монголдоо төдийгүй урд хөршид ч танигдаж эхэлсэн. Нэлээд хэдэн удаа урд хөршид бие даасан тоглолтоо хийлээ. Анх хэзээ тоглолтоо хийж байсан бэ?
-Урд хөршид 2005 оноос хойш тасралтгүй тоглолт хийж, мөн арга хэмжээ, тоглолтуудад уригдсаар байна. Хөх хотын улаан театрт анх 2009 онд “Хайрын цацал” бие даасан тоглолтоо хийсэн. Үүнээс хойш Ордос хот, Шинжааны Бор тал, Монгол хүрээнд тоглолтоо амжилттай хийж, үзэгч сонсогчиддоо уран бүтээлээ өргөн барьсан. Мөн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард Хятад улсын халуун хотууд болох Шанхай, Зухай, Гуаньжоу зэрэг газруудад тоглоод ирлээ. Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Дуучин хүний хувьд эх орныхоо нэрийн хуудас болон Монгол Улсаараа овоглон тайзан дээр гарах тэр мөч бүр надад маш сайхан санагддаг.
-Урлагийн хойч үеийнхэнд мэдсэн сурснаа өвлүүлэх зорилгоор сургалтын төв эсвэл хөгжмийн сургууль байгуулахыг хүсдэг тухай ярьж байсан. Хэзээ биелүүлэхээр зорьж байна вэ?
-1999 онд ганцаараа соло дуучин гэж дуудуулан гаднын тайзан дээр анх удаа гаран Монгол Улсаа төлөөлж дуулж байсан жаахан Сэрчмаа одоо дуулаад хэдийнэ 17 жил болчихжээ. Энэ хугацаанд амьдралын болон урлагийн олон зүйлд суралцлаа. Мэдээж сурсан мэдсэн зүйлээ шинэ залуу, авьяас, сонирхолтой хүүхдүүдэд зааж сургамаар санагддаг. Гэхдээ цаг хугацаа нь арай болоогүй юм шиг байна. Цаг нь болоод хувьсгалын тохироо бүрдээд ирэх үед би чөлөөтэйгөөр, тааламжтайгаар хүүхдүүддээ зөвлөгөө өгөх байх аа. Санасан бодсон, төлөвлөсөн зүйлүүдээ хийх хэрэгтэй байна.
-Та хайрын тухай олон сайхан дуу дуулсан. Таныг хайрын дууч хэмээн нэрийдэх нь бий. Хайрын дууч маань хайрыг юу гэж тодорхойлох вэ?
-Хайр бол үгээр илэрхийлэхийн аргагүй хязгааргүй зүйл гэж хэлнэ. Би дуучин хүн болохоор дууг хайраараа өлгийдөж, хайраар энхрийлж л дуулан жигүүрлэж явдаг гэж хэлж болно.
-Гэр бүлийн хамгийн үнэ цэнэтэй зүйл?
-Хайр. Хүн үргэлж гэр рүүгээ яарч тэмүүлдэг байгаасай, аз жаргал нь гэрт нь байгаасай, өдөр нь ямар ч стресстэй байсан гэртээ инээж ороод эхнэрээ, нөхрөө үнсч хүүхдээ тэврээд тоглож чаддаг гэр бүлийн гол тулгуур байгаасай гэж боддог.
-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Танаас үлгэр жишээ авдаг олон эмэгтэй бий. Тиймээс асууж байна?
-Эмэгтэй хүн өөрөө өөртөө таалагддаг байхад болно. Дотроосоо гэрэлтэж, энэрэнгүй ухаалаг байж ханьдаа түшигтэй үнэнч байж, хүүхдүүддээ хайрын дээд ээж нь байхад л болно байх.
-Маш сайхан тодорхойлолт байна. Харин та өөрийгөө ийм байж чаддаг гэж боддог уу, эсвэл?
-Ийм эмэгтэй байхыг хичээж амьдардаг.
-Гоо сайхандаа хэр цаг зарцуулдаг вэ?
-Сүүлийн үед гоо сайхандаа анхаарах зав гарахгүй л байна. Зав гарсан үедээ гоо сайханд орж алжаал ядаргаагаа тайлахад маш сайхан байдаг шүү. Фитнесст явдаг байсан. Одоогоор завдахгүй л байгаа.
-Охиныхоо урлагийн боловсролд их анхаардаг юм шиг санагддаг. Охиноо урлагийн хүн болгох уу?
-Үүнийг охин маань шийднэ. Урлагт маш их хайртай. Саяхан шинэ клипний маань гол дүрд миний охин тоглосон. Мөн “Монголжингоо” гэж хамтлаг байгуулаад дуучин нь болсон. Тэгэхээр дуулах дуртай болоод байх шиг байна л даа (инээв).
-Та өөрийн продакшнаа байгуулсан. Анхны уран бүтээл нь таны амьдралаас сэдэвлэсэн кино байх болно хэмээх мэдээлэл нэлээд эртнээс гарсан. Энэ уран бүтээл яагаад сураггүй болчихсон бэ?
-“Sally’s production” гэж 2011 онд байгуулсан. Анхны төсөл маань миний амьдралаас сэдэвлэсэн кино байсан.Харамсалтай нь хамтран ажилласан С.Батмөнх гэгч найруулагчид залилуулан киногоо авч чадахгүй дээрээ тулаад байна. Шүүх үнэн мөнийг нь олж өгөхийг хүсч, олон жил хүлээж байна даа.
-Уг нь бэлэн болчихсон байсан юм уу. Яагаад ийм асуудал гарах болов?
-Монголд болон Хятад улсын Шанхай хотод зураг авалт хийж дууссан байсан юм. Би продюсессээр нь ажиллаж, 100 хувь мөнгөө гаргасан. Гэтэл монтаж хийх үед найруулагч намайг дахин 150 сая төгрөг олчих, тэгвэл Германд монтаж хийе гэсэн. Киноны зураг авалтыг Холливудад ашигладаг Red one камераар авсан болохоор энд монтаж хийх, өнгө засах техник хэрэгсэл алга байна гээд л алга болчихсон. Одоо манай улсад студи бүр 4К кино хийж байгаа шүү дээ. Гэтэл ямар нэг ашиг сонирхлын байдал гаргаж, надтай зөрчилдсөн нь тун харамсалтай.
-Зан чанараа юу гэж тодорхойлох вэ. Нэлээд тайван хүн шиг санагддаг?
-Миний зан чанарыг найз нөхөд, гэрийнхэн маань хэлэх байх. Цаг барихгүй байхыг үздэггүй (инээв). Аав, ээж минь багаас энэ занг сургасан. Тэгээд л өөрийн чинь хэлдгээр тайван талдаа.
-Гэхдээ бухимдах үе гардаг байх. Юу таныг хамгийн ихээр бухимдуулдаг вэ?
-Хүн болохоор бухимдах үе байна. Намайг хамгийн их бухимдуулдаг зүйл бол хүн хүнээ байсан цөвүүн цаг, ороо бусгаа цаг үе, нам, улс төрийн маргаан. Өнөөгийн нийгэм их бараан байна шүү дээ. Үүнд л их бухимддаг. Бухимдсан үедээ залбирч, өөрөө өөртэйгөө ярилцаж тайтгарна. Бас нэг арга нь байгалийн сайханд очих, голын эрэгт суух гэх мэт амьд байгалиас амар тайван тайтгарлаа авдаг.
-Хэрэв ямар нэг алдаагаа засах боломж олдвол ямар алдаагаа засах вэ?
-Би алдаан дээрээсээ суралцаж амьдралаас ухаарал авдаг болохоор аль нэг алдаагаа засмааргүй байна.
-“NB&Sally” нэвтрүүлэг таныг үзэгчдэд нээж өгсөн. Танд телевизийн өөр шоу хийе гэсэн бодол бий юу?
-Монголын анхны онлайн шоуны нэг нүүр царай болж чадсандаа баярлаж явдаг. Үзэгчид намайг илүү таньж мэдэрч чадсан нь надад бүр их баярлууштай. Надад олон санал ирж байгаа. Гэхдээ сайн бодож боловсруулж байгаад дахин өөр TV шоу хийж яагаад болохгүй гэж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ