Д.Эрдэнэбаатар: Зөв хүмүүжиж төлөвшсөн хүүхэд хэзээ ч муу зуршилд автдаггүй
Анагаах ухааны докторант, “Ариусахуйн ертөнц” төвийн сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
“СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГ, СЭТГЭЛ ГУТРАЛ ХОЁР XXI ЗУУНЫ ТАХАЛ”
-Хавар, намрын цагт хүний хууч өвчин хөдөлдөг гэдэг. Танай эмнэлэг үйлчлүүлэгч олонтой, ачаалал их байгаа бололтой. Үйлчлүүлэгчдийн дунд ямар төрлийн эмгэгтэй хүмүүс зонхилж байна вэ?
-Ачаалал их байна. Манайд янз бүрийн асуудлаар ирдэг. Би өөрөө сэтгэцийн эмч. Энэ утгаар сэтгэцийн янз бүрийн эмгэг өвчинтэй хүмүүс ирнэ. Сэтгэл зүйч, сэтгэл засалч гэдэг утгаар гэр бүл, хүүхдийн асуудлаар хандана. Хувь хүний хөгжлийн сургалт явуулдаг гэдэг утгаар өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүмүүс ирж сургалтад сууна. Үйл ажиллагааны хүрээ маш өргөн. Үйлчлүүлэгчийн хувьд хавар, намрын үед хүний сэтгэл зүй болон бие махбодын дархлаа суларч, хууч өвчин сэдрэх магадлал өндөр байдаг. Тийм болохоор сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ямар нэг байдлаар хямарчих гээд байдаг. Янз бүрийн айдас түгшүүртэй хүмүүс ирдэг. Түгших эмгэг гэж бий. Ийм төрлийн эмгэгтэй хүмүүс Монголд нэлээн их байна. ДЭМБ-ын судалгаагаар, сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал хоёр нь XXI зууны тахал гэж тодорхойлогдсон байдаг.
-Гол нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?
-Нийгмийн хөгжлийн хурдцыг зарим хүмүүсийн сэтгэл зүйн хурд, дархлаа гүйцэж чаддаггүй. Нийгмийн стрессийн нөлөөгөөр хувь хүний сэтгэл зүй болон сэтгэцийн эмгэгүүд сэдрэх, эрүүл байсан хүмүүс ийм өвчин эмгэг тусах эрсдэл нэмэгдсэн байна.
-Монголын нийгэмд стресс бухимдал маш их байна. Бие биенээ муу үгээр хэлж, доромжлох зэргээс эхлээд тод харагдах юм?
-Тийм, маш их байна. Энэ бүхэн чинь сэтгэцийн болон сэтгэл зүйн шалтгаант бие махбодийн өвчнүүдийн суурь.
-Сүүлийн үед бөөгийн зан үйлтэй холбоотойгоор сэтгэцийн өвчтэй болсон хүмүүс олширсон гэж дуулдсан. Ийм байдлаар сэтгэц, мэдрэл нь хямарсан хүмүүс танайд хандаж байна уу?
-Харамсалтай нь манайд ирж буй сэтгэл зүй, сэтгэцийн асуудалтай хүмүүсийн нэлээн хувь нь бөө, эсвэл ламаар явсан байдаг. Хамгийн түрүүнд ямар нэг зовиур илэрвэл энгийн эмнэлгүүдээр явдаг. Манай бусад салбарын эмч нар тэднийг хаашаа явуулахаа мэддэггүй нь харамсалтай. Бие махбодын эмчилгээ хийхээр үр дүнгүй байдгаас үйлчлүүлэгчид аргаа бараад лам, бөө, христийн сүм рүү ч юм уу явж байна. Лам, бөөгийн зан үйл зохих хэмжээний сэтгэл зүйн засал мөн л дөө. Гэхдээ сэтгэл зүйн заслыг ямар ч бөө, лам нь сэтгэл засалч эмчээс илүү хийж чадахгүй. Үйлчлүүлэгчдийн өвчний түүх, явсан газрыг сонсохоор дийлэнх нь л лам, бөөгөөр явсан байдаг.
-Бөөгийн уг авах ёстойгоосоо болоод галзуурчихлаа гэдэг?
-Галзуу гэдэг халдварт өвчин шүү дээ. Галзуугийн вирус тээгч нохой, хулгана, янз бүрийн шимэгч, чоно, үнэг зэрэг амьтанд хазуулаад, цусаар нь дамжиж, тархины эдийг гэмтээдэг халдварт өвчин. Хүмүүс солиорлыг галзуутай андуурдаг. Солиорол бол шизо гэсэн тодотголтой бүлэг өвчний нэг хэлбэр, яах аргагүй сэтгэцийн өвчин. Шар хадны эмнэлэг рүү явахгүйгээр лам, бөө дээр очоод хүндэрчихсэн, жинхэнэ солиорол нь хурц, эсвэл ужгирах хэлбэртээ орчихсон тохиолдлууд ч байдаг. Өвчин нь бүр хурц болсон хүмүүсийг үүдэн буюу амбулаторийн нөхцөлд эмчлэх боломжгүй. Тиймээс яаралтай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурцын тасаг руу явуулах шаардлага гардаг.
-Та энэ чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Энэ хугацаанд ямар асуудал таны сэтгэлийг илүүтэй зовоосон бэ?
-Ерөнхийдөө би сэтгэл зүйн чиглэлээр ажиллаад 15 жил болж байна. Яг сэтгэл засал, сэтгэл зүйн төв гэдэг утгаар ажиллаад найман жил болж байна. Хэдэн мянган үйлчлүүлэгч хандаж, нэлээн туршлага ч хуримтлуулж байна. Сэтгэл эмзэглэдэг асуудал бий. Нэг номерт, яах аргагүй нийгмийн бухимдал, стресс. Энэ нь хувь хүн, иргэний өвчний үндэс болоод байна. Өмнө нь ярьсан сэтгэцийн өвчнүүд, донтолтууд, гэр бүл хүүхдийн асуудлуудын суурь нь яах аргагүй нийгмийн стресс бухимдал. Бараг гамшгийн хэмжээнд хүрсэн гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Энэ асуудалд төр засаг маань хүчтэй анхаарах шаардлагатай байна. Манай Эрүүл мэнд, спортын яам хэдэн сар сайдгүй байна. Энэ асуудлыг ярьдаг, удирдлагын хэмжээнд мэддэг мэргэжилтэн бараг олдохгүй болов уу. Монгол даяар хувийн цөөхөн эмнэлгүүд, 10 хуруунд багтах мэргэжлийн сэтгэл засалч эмч байна. Гэтэл дэлхийн стандартаар 20-30 мянган хүнд нэг сэтгэл засалч эмч ногддог. Сэтгэл зүйн бакалавр хүмүүс тэр орон зайг нөхөх гээд үзэж байна. Гэхдээ наад зах нь эмнэл зүйн сэтгэл зүй, сэтгэцийн эмгэг судлалын ойлголтууд байдаггүй учраас сэтгэл засах эмчилгээ хийж чадахгүй.
-Яаж ангижрах вэ?
-Мэдээж бидний дуу хоолой нэлээн хүчтэй байх хэрэгтэй л дээ. Хамгийн түрүүнд мэдүүлэх, дараа нь мэдрүүлэх, тэгээд ойлгуулж, хийх хэрэгтэй. Гэтэл бид өөрсдийнхөө ажлын ачаалал дороос гарч чадахгүй. Хувийн хэвшлийнхэн наад зах нь байрны түрээс, ар гэрээ зохих хэмжээнд хоол хүнстэй нь залгуулах нь нэг номерын асуудал болчихоод байдаг. Магадгүй бидний өөрсдийн менементийн дутуу дулимгийнх байх л даа.
-ОХИД ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ ЯНЗ БҮРЭЭР ХЭРЭГЛЭЖ БАЙНА-
-Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаанд донтож байна гэсэн мэдээлэл бий. Бодит байдал дээр хэр байна вэ?
-Зохих хэмжээгээр бий. Архидалтаас гадна мансууруулах бодисын хэрэглээ санаа зовоож байна. Охид хар тамхи, мансууруулах бодисыг янз бүрээр хэрэглэж байна. Тодорхой газруудад ургадаг өвснөөс авахуулаад, хамгийн хүчтэй мөс хүртэл бүх төрөл нь байна, Монголд. Гадаадад мансууруулах бодисыг үйлдврэлэдэг гэмт хэргийн бүлэглэлүүд байнга төрлийг нь шинэчилж байна. Ноднин Оросод “спайс” гэдэг бодис нэлээн шуугиан дэгдээсэн. Олон залуу янз бүрийн байдлаар амь насаа алдсан, бичлэгүүд нь зурагтаар нэлээн гарсан. Хүн биш болчихсон байдалтай яваа залуус дунд охид хүүхнүүд байж л байгаа байхгүй юу, харамсалтай.
-Хууль хяналтын байгууллагынхан хяналтаа алдсан гэж албаны эх сурвалжаас сонсож байсан юм байна?
-Монголд элбэг байна. Одоо захын шөнийн клубт ороход хэрэглээд байгаа залуусыг олж болно. Тэнд чинь бүр зардаг, борлуулдаг сүлжээ байгаа. Манай цагдаа хүчний байгууллагынхан тэдэнтэй зохих хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Хүн хүч, мэдлэггүйн гээд янз бүрийн асуудал байдаг байлгүй. Наад зах нь бүх төрлийн бодисуудыг нь шинжлээд гаргаад ирдэг лаборатори байдаг гэдэгт эргэлзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг байх л даа. Цусны шинжилгээгээр ийм төрлийн бодис хэрэглэсэн байна гэдгийг гаргадаг лаборатори юу л бол.
-Хар тамхи хэрэглэдэг хүн ямар байдалд хүрэх вэ гэдгийг хэлж өгөхгүй юү?
-Архины донтолтыг бодвол мансууруулах бодисынх хавьгүй хүчтэй. Яагаад вэ гэвэл дээрх бодисуудыг үйлдвэрлэдэг бүлэглэлүүдийн гол зорилго бол хамгийн бага тунгаар хүнийг хамгийн богино хугацаанд донтуулах. Дэлхий дахинд гэмт бүлэглэлүүд эхний удаад мансууруулах бодисоо үнэгүй өгдөг. Амсуулж, амтыг нь мэдрүүлж, хамаатай болгочихоод, дараа нь үнийг нь хөнгөлөлттэй зарна. Донтчихсоныхоо дараа мэдээж дээд хэмжээгээр авна шүү дээ. Ажиглаж байхад, мөс буюу ice Монголд үнэтэй. Саяхан миний нэг танил Голландад яваад ирэхдээ мэргэжлийн хүний хувьд үнийг нь судалсан байна лээ. Нэг тун нь 30-40 еврогийн үнэтэй хар тамхи Монголд 200-400 мянга.
-Өсвөр насны хүүхдүүд нэгэндээ уруу татагдах, сонирхож хэрэглээд донтох тохиолдол гардаг юм билээ?
-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж буй залуусын дийлэнх нь өсвөр насны, 20 дөнгөж шүргэж буй хүүхдүүд байна.
-Нэг донтчихвол дахин дахин л хэрэглэхийг хүсдэг байх?
-Тийм. Ер нь бол гарахгүй дээ. Ядаж байхад манайд энэ чиглэлээр судалсан, жинхэнэ наркологийн эмч алга. Хэвтүүлж эмчилдэг стационар буюу ортой өндөр мэргэшсэн эмнэлэг алга. СЭМҮТ-ийн Наркологийн тасагт одоо хэвтэж эхэлж байгаа л даа. Гэхдээ ердийн хордлого тайлах эмчилгээний төвшинд. Яг тухайлсан эм бэлдмэл байгаа гэдэгт би эргэлзэж байна. Дээрээс нь хар тамхи хэрэглэдэг залуусын дийлэнх нь мөнгөтэй айлын, өндөр албан тушаалтны, бизнес эрхлэгчийн хүүхдүүд байна.
-Тэд нас бие гүйцээд, өрх толгойлох боломжгүй болох нь гэж бодохоор харамсалтай байна?
-Зарим нь амиа хорлож байна. Миний мэдэхийн ноднин, энэ жил тийм тохиолдол гарсан. Хүүхдүүд нь амиа хорлоод эхлэхээр аав ээж нь нэг юм бодоод байх шиг байна. Одоо 20 хүрч байгаа залуучууд бол 90-ээд оны хүүхдүүд. Манай нэг найз тэр хүүхдүүдийг “тавиул” гэж нэрлэсэн байдаг юм. Аав, ээж нь мөнгөний хойноос, бизнес хийгээд, ганзагадаа явахдаа хүүхдүүдээ өвөө эмээ, ах дүү, амраг садныдаа тавиад л яваад байдаг. Амьдралын эрхээр хүүхдүүдийнхээ боловсролд нь анхаараад, хүмүүжил төлөвшилд нь анхаардаггүй.
-Эх орны ирээдүй болсон хүүхдүүд бие биедээ уруу татагдсаар хар тамхинд “живчих” вий?
-Арай ч бүгдээрээ хэрэглэдэг болчихгүй л дээ. Нийгмийн шалгарал гэж байдаг. Ямар ч нийгэмд хичнээн хүчтэй мансууруулах бодисын нөлөө, мафи бүлэглэл байсан ч хүүхдүүдээ өв тэгш хүмүүжүүлж, төлөвшүүлж байгаа эцэг эхчүүд байгаа шүү дээ. Багаасаа тэгж хүмүүжсэн хүүхдүүд хэзээ ч мансууруулах бодисоос хамааралтай болдоггүй. Хоёр, гурван удаа хэрэглэж үзсэн байлаа ч миний хэрэглэх зүйл биш, юу үнэ цэнтэй вэ гэдгийг тэд мэддэг. Хэрэглэдэг нь харьцангуй цөөхөн.
-ХАМГИЙН ХЭЦҮҮ ӨВДӨЛТ СЭТГЭЛИЙН ӨВДӨЛТ БАЙДАГ-
-Айдас, түгшүүр, сэтгэл зовнил гээд маш олон төрөл байдаг. Аль нь илүү хор хөнөөлтэй вэ?
-Сэтгэцийн өвчин нэг тусвал хэцүү. Эдгэрэх нь бол бий. Зарим нь хавар, намрын улиралд даамжрах, ужгирах хандлагатай. Эргэж гутраад, эсвэл солиорол нь сэдрээд, айдас түгшилт нь дахиад л. Сэтгэцийн хөнгөн өвчин гэж байхгүй. Ялангуяа манай үйлчлүүлэгчид нэгэн дуугаар хэлдэг. Ийм өвчин туссанаас ямар нэгэн бие махбодын өвчин тусчихгүй яав даа. Гар хөлөө хугалчихгүй яав аа, элэг зүрх маань муудчихгүй яав аа, зарим нь бүр хорт хавдар тусчихгүй яав аа гэдэг. Яагаад гэвэл бие махбодын өвчин тусчихвал хүмүүс хараад ойлгоно. Гэтэл сэтгэцийн өвчин эмгэгтэй хүмүүсийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь ойлгохгүй, “Чи ингэж бодохоо л больчихооч дээ, айхаа л больчихооч дээ” гэдэг. Гэтэл тийм биш. Оюун ухааны түвшнийх бус цэвэр далд ухамсрын түвшнийх байдаг болохоор оюун ухаанд хэзээ ч захирагдахгүй. Мэдээж оюун ухаанаараа бүх юмыг захирдаг байсан бол тэр хүн хэзээ ч өвчин тусахгүй. Удирдаж чаддаггүйгээрээ хэцүү. Хамгийн хэцүү өвдөлт сэтгэлийн өвдөлт байдаг. Сэтгэлийн өвдөлтийг ямар ч эм дарж чаддаггүй. Бүр цээж нь задрах гэж байгаа юм шиг өвдөнө. Санхүүгийн хямрал, ажлын байрны зөрчлүүд, байнгын амралтгүйгээр ажиллах, сэтгэл зүйн маш хүчтэй цочролууд, осол аваарь, гэнэт хүн бурхан болдог, мал нь зуданд явчих ч юм уу маш олон шалтгаан байдаг.
-Олон жилийн турш УИХ-ын гишүүн хийсэн, нас дээр гарсан хүмүүс улс төрөөсөө гарахыг хүсдэггүй. Энэ нь нэг төрлийн донтолт мөн үү?
-Зарим нь донтолтын хэмжээнд байдаг л байлгүй. Энэ бол ажил амьдрал даа. Яагаад вэ гэвэл улс төр гэдэг өөрөө их том эрх ашиг. Ямар ч хамаагүй үнэ цэнээр тэр түвшинд хүрчихвэл хэдэн үеэрээ идэх мөнгөө хийх боломжтой биз дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ