Цахимын цаадах цагаан будааны бодит төрх
Манай сонин Монгол Улсад импортоор ирдэг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа жимс жимсгэнэ, нарийн ногоо, шар, цагаан будаа, элсэн чихэр ямар жимээр явсаар хэрэглэгчдэд хүрч буйг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаа бид цагаан будааг онцоллоо.
...Ялгахын аргагүй юм. Нийлэг эдээр бүтэж, төхөөрөмжид “төрөн”, цоргоор гоожиж буй тэр нарийн ширхэгт, цагаан зүйлийг. Алган дээрээ тавиад харвал ургацын талбайгаас хураан авч, савладаг цагаан будаа дүрээрээ мөн. Гэвч хөвөн шиг хөвсгөр эдийг машинд хийгээд, хэдэн дамжлагын дараа будаа болж буйг нэг бүрчлэн харуулсан тул ялгаж, бас итгэхээс аргагүй. Ийм нэгэн бичлэг цахим сүлжээгээр тавдугаар сард тарсныг та үзсэн бол санаж буй биз ээ.
Хятадад хуванцрыг хувиргаж будаа болгож буй энэ бичлэг “Youtube’’-д нийтлэгдэж, бараг нэг сая хүний хүртээл болжээ. Интернетийн идэвхтэн монголчууд ч үүнээс хоцорсонгүй. Ингээд “Пий паа, Хятадад үйлдвэрлэдэг гэсэн.
Тэгэхээр манайд ороод ирчихсэн байх. Бид ийм будаа идэж байгаа” гэсэн сэтгэгдэл бичлэгийн дараа цахимаар хөвөрлөө. Хардлага тун удалгүй нийтэд түгж, хүнсний талаарх иргэдийн хандлагыг ч чангатгав.
Будаанд өчүүхэн сэжиг илэрвэл шууд л нийгмийн сүлжээндээ зарлах боллоо.
Энэ дунд иргэн Б-гийн “Сакура” нэрийн цагаан будааны пост дуулиан дагуулж, чамгүй хандалт авсан юм. Тэрбээр худалдаж авсан цагаан будаагаа усанд хийтэл, шохой шиг үйрч, хэлбэрээ алджээ. Ингээд л зургийг нь авч дэлгэсэн нь цахим ертөнцийг шуугиулаадхав. Бас нийгмийн сүлжээ асуудлыг улам дэвэргэв.Энэ нь мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг цагаан будаа тийш эргүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэхэд хүргэсэн. Мөн өнөөх шороо шиг үйрсэн будаанд шалгалт хийтэл чанарын хувьд өөгүй. Харин хугацаа хэтэрснээс хэлбэрээ алдсан гэсэн дүгнэлтийг албаныхан гаргажээ. Ингээд уг будааг борлуулж байсан сүлжээ дэлгүүрүүдийг торгосон удаа бий.
Үүний дараа нийслэл даяар cap шахам шалгалт үргэлжилсэн. Шалгалтын явцад хугацаа хэтэрсэн 93 килограмм будаа илрүүлж, эргүүлэн татжээ. Өөр зөрчил илрээгүйг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм. Мэргэжлийн байгууллагаас цагаан будааны талаар албан ёсны мэдээлэл хийж, чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн импортолж, борлуулж буйг баталдаг.
Гэвч иргэдийн дунд өнөө хэр эргэлзээ байсаар байна. Харин одоо цагаан будааны импортын жимээр хийсэн сурвалжлагаа хүргэе.
Тутарга хэмээн нэрийддэг эл бүтээгдэхүүн монголчуудын өргөн хэрэглэдэг таван гол хүнсний нэг.
Урьдаад уншигч танд энэ түүхий эдийн талаарх тоон мэдээллийг өгье. Тутарга хэмээн нэрийддэг эл бүтээгдэхүүн монголчуудын өргөн хэрэглэдэг таван гол хүнсний нэг.
Сүүлийн 20 жилд цагаан будааны хэрэглээ гурав дахин өссөн. Монгол хүн сард дунджаар 1.8, жилд 21 килограмм цагаан будаа иддэгийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын тайланд дурджээ. Энэ нь америкчуудаас хоёр дахин өндөр хэрэглээтэй гэсэн үг юм. Бид тутаргад жилд дунджаар 16 орчим сая ам.доллар зарцуулдаг байна.
Өнгөрсөн онд 24.5 сая тонныг импортолсны тэн хагасыг урд хөршөөс худалдан авсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд урд хөршийн цагаан будааны эскпорт татарч, хойд хөршийнх түрж буйг Гааль, татварын ерөнхийн газрын цахим хуудсаас харж болно.
Монгол Улс цагаан будаагаа 100 хувь импортоор авдаг. Ингэхдээ хүн амаа эрүүл хүнсээр хангахын тулд хил болон орон нутгийн хяналтыг давхар тавьдаг байна. Тодруулбал, тутарга импортлох аж ахуйн нэгж нь нэн тэргүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг.
Энэ хүрээнд Худалдааны гэрээ, цагаан будаа нийлүүлэгчийн чанарын баримт (Чанарын удирдлагын тогтолцоотой нэвтрүүлсэн, баталгаатай үйлдвэр болохыг гэрчилсэн баримт) бүтээгдэхүүний шинжилгээ тэргүүтнийг хавсарган, хүсэлт тавина. Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгана.
Бас цагаан будаа нийлүүлэх бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон, эсэхийг нягталдаг. Улмаар импортлох, эсэхийг нь шийддэг байна. Энэ импортын “пайз” нь ердөө зургаан сарын настай. Хагас жилийн дараа дахиад дээрх мөчлөг үргэлжилнэ.
Монгол Улс цагаан будаагаа 100 хувь импортоор авдаг.
Импортын зөвшөөрөлтэй байлаа гээд Монголын хилийг саадгүй нэвтэрнэ гэсэн үг биш. Хил, гааль, хорио цээрийн хяналтад орно. “Будаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд багтдаг. Иймд биет үзлэг хийж, дээж авч шинжилгээнд хамруулдаг” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэн. Энэ оны эхний хагасын байдлаар импортын зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байна.
Ингэж хилийн шалгалтыг давсан будаа харьяа аймаг, нийслэлийн хяналтын байгууллагын анхааралд шилждэг. Тухайн будааны агуулах сав, борлуулалтын горим тэргүүтнийг шалгана. Бас хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнээ жижиглэн, савладаг. Нийслэлийн хэмжээнд жижиглэн, савладаг 10 гаруй аж ахуйн нэгж бий.
Тухайлбал, “Агь” компани “Сакура” цагаан будааг Хятадын Шиньжян Уйгурын өөртөө засах орноос импортолж, өөрийн битүүмжилсэн үйлдвэртээ савладаг аж. Мөн ингэх явцдаа дотоодын лабораторид давхар хяналт тавьдаг гэж тус компаниас тайлбарлав.“Цагаан будаа нь таатай орчин нөхцөл шаардаж байдаг. Чийг дутах, хөрөхийг ер андахгүй. Шууд чанараа алддаг. Тиймээс бүтээгдэхүүнээ муутгахгүйн тулд аж ахуйн нэгжүүд зориулалтын агуулах, сав бэлдэхээс аргагүй” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын байцаагч ярилаа.
“Цагаан будаа нь бусад төрөлтэй харьцуулахад амин дэм, тэжээллэг чанараар өндөр биш. Цөөн нэр төрлийн багахан витамин агуулдаг. Монголд хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр будааг ил задгай жинлэн, савлаж байдаг. Иймд хэрэглэхийн өмнө сайтар угаах хэрэгтэй” гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Энхтунгалаг зөвлөж байна.
Цагаан будаа богино настай. Намраас намрын хооронд л “амьдардаг”. Бас бидэнд ирэх хүртлээ ихдээ сарын хугацаа зарцуулдаг. Ирээд савлаж борлуулах гэсээр уддаг тул хугацаа нь хэтэрч, чанараа алдах тохиолдол гардаг байна. Харин ийм төрлийн зөрчлийг нийгмийн сүлжээгээр хэт дэвэргэдгийг мэргэжилтнүүд шүүмжилж байлаа.
Зүүн Азийн орнуудын хэрэглэдэг будааг л монголчууд идэж байгааМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Довчинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Цагаан будааны үнэ харилцан адилгүй. Энэ нь өргөн хэрэглэдэг будааны чанар сайн-гүй гэсэн хардлагыг иргэдэд гөрүүлж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Юун түрүүнд, цагаан будааг аж ахуйн нэгж импортолж, борлуулах үүрэг хүлээдэг. Зүүн Азийн орнуудын хэрэглэдэг будааг л монголчууд идэж байгаа.
Дэлхий дахинд органик бүтээгдэхүүн өндөр үнэд хүрдэг жишиг бий.
Килограмм нь 20-30 мянган төгрөгт хүрч буй будаа нь тарих үед элдэв төрлийн бордоо хийгээгүй бүтээгдэхүүн.
Килограмм нь 20-30 мянган төгрөгт хүрч буй будаа нь тарих үед элдэв төрлийн бордоо хийгээгүй бүтээгдэхүүн.
Харин иргэдийн өргөн хэрэглэж буй цагаан будаа нь дэлхийн стандарт, Монгол Улсын хууль, журамд нийцсэн. Цагаан будааны импортыг Хүнсний тухай хууль, Хүнсний импортын тухай хууль зэрэг гурван хуулиар зохицуулдаг.
Сүүлийн үед цахимаар энэ төрлийн ташаа мэдээлэл гарч, газар авсаар байна. Үнэндээ шалгаад үзэхэд ямар нэг нотлох баримтгүй мэдээлэл байдаг.
-Тэгвэл тээвэрлэлтийн хугацааны тухайд юу хэлэх вэ?
-Аль улсаас нийлүүлж буйгаас хамааран тээвэр болон хугацаа нь янз бүр. Урд хөршөөс бол чингэлгээр тээвэрлэдэг. Харин Вьетнамаас далайн тээвэр, төмөр замаар дамждаг. Цагаан будааг ихэнхдээ 14 хоног, удлаа гэхэд нэг сарын хугацаа зарцуулж, Монголд оруулж ирдэг.
-Савлах, хадгалахад ямар шаардлага тавьдаг вэ?
-Хүнсний тухай хуульд заасанчлан хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго монгол, орос, англи хэлээр байх ёстой. Япон, БНСУ, Хятад зэрэг орны хэлээр бичигдсэн байвал тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын мэдээллийг дээрх гурван хэлээр хөрвүүлж, нэмж шошго наах хэрэгтэй. Бидний зүгээс энэ шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьдаг. Сүүлийн үед цагаан будаатай холбоотой зөрчил, дутагдал буурч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ