Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хулгайн дуугаар гаршиж явна

Оюутны ширээнээс босч ч амжаагүй байхдаа МУГЖ Т.Баясгалангийн дуунуудыг зөвшөөрөлгүй дуулж, авьяаслаг дуучнаа санасан сонсогч фэнүүдийг нь урвуулах дөхсөн хүн бол Э.Чулуунчимэг. Урлагийн тайзаа орхиод багагүй хугацааг үдсэн Т.Баясгалантай тун адилхан дуу хоолойтой гэгддэг энэ бүсгүй түүний хэд хэдэн дууг зөвшөөрөлгүй авч дуулсныхаа төлөө чамгүй шүүмжлэлд өртсөн удаатай. Хэдийгээр өөрийг нь хуулбарлаж, хит дуунуудыг нь хулгайлж дуулсан Э.Чулуунчимэгт эрхэм гавьяат маань нэлээд бухимдсан ч сүүлдээ уучлалт гуйсан хүсэлтийг нь хүлээн авч дотно найзууд болсон гэдэг юм билээ.

Гэтэл итгэлийг нь дааж чадаагүй дуучин бүсгүй өдгөө “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэдэгчлэн арав гаруй дуунуудыг нь хулгайлаад орхиж. Тэр ч байтугай, нөхөр болох дуучин Б.Болдтой хамтран МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуулж амьдруулсан гурван дууг хүртэл өөрсдийнх мэт хуулбарлажээ. МУГЖ Г.Эрдэнэбат, Э.Бүрнээбаяр нарын дуулсан “Охин үр” дууг ч мөн ямар нэгэн зөвшөөрөлгүй дуулсан гэдгийг нь батлах хүн олон бий.

Хулгайн дуугаар гаршиж яваа дуучин хос сүүлдээ бүр “Хос орчлон” дууг гавьяатуудтай булаацалдах болжээ. МУГЖ С.Жавхлан энэхүү дууны зохиогчоос нь зөвшөөрөл авч, хуучны хамтрагч Т.Баясгалантай цуг дуулахаар зэхэж буйг сонссон Э.Чулуунчимэг яаравчлан клип хийлгэж, бүр удахгүй хийх хүндэтгэлийн тоглолтоо ч ийн нэрийдсэн гэнэ шүү. Бусдын дууг хуулбарлан байж нэр алдарт хүрсэн дуучдын хувьд өнөөг хэр нь орон зайгаа хадгалж яваа МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар өөрсдийг нь “бут” цохих вий гэж айсан уу, яасан. Урьдын сайн найз, ахан дүүсийн харилцаагаа умартаж ил далдаар дайсагнаж эхэлсэн сурагтай. Бүр энэхүү тоглолтондоо МУГЖ Т.Баясгалангийн дуулсан “Дандаа ийм л байгаасай”, “Хожуу бодлын салхи” зэрэг хэд хэдэн дууг нь дуулахаар бэлтгэж байгаа гэнэ лээ. Тэртээ тэргүй, нэг салбарт байгаа хүмүүсийн хувьд ах захаа хүндэлж мэддэггүй юмаа гэхэд ядаж ичиж, эмээх сэтгэл төрдөггүй л юм байх даа.

С.Цахиур

СЭТГЭГДЭЛ БИЧИХ