Цаг хугацааны музейгээр аялсан нь

-МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОМИЛОЛТООС ИРЛЭЭ-

“Монголд жуулчдыг татах түүх соёл, онгон байгаль, зан заншил, дурсгал олон бий. Жуулчдыг татах нь ч тодорхой. Гэхдээ дэд бүтцээ л шийдэх хэрэгтэй” хэмээн нэгэн археологич хэдэнтээ учирлаж байсан юм. Гэхдээ энэ удаад ямар нэг түүхийн дурсгал, олдвор, үзмэрийн талаар ярих гэсэнгүй. Зөвхөн цагны талаар энд бичих юм.

Өмнөд Солонгосын Канвон ду аймаг хоёрхон жилийн дараа өвлийн олимп зохион байгуулж, тив дэлхийн өнцөг булангаас жуулчид хүлээж авахдаа бэлтгээд эхэлжээ. Уламжлалт хоол, Өмнөд далай, хөлөг онгоцон музей гээд эндхийн бүх л газарт түүх шингэсэн. Жуулчдад ч үзэх, харах юм мундахгүй.

Энэ дундаас Өмнөд далайн эргийн зүүн урд орших “Чон-донжин” цагны музейг онцолъё. Энгийн нэгэн галт тэргийг далайн эрэгт байрлуулсан харагдавч дотор нь орвол хүн төрөлхтний, ялангуяа Бүгд Найрамдах Солонгос Улсын түүхийг шингээсэн эртний, уламжлалт, хамгийн том, нарийн ур хийцтэй, эрх ямбатнуудаас эхлээд энгийн иргэдийн хэрэглэж байсан, “Титаник” хөлгөөс олдсон гээд цагны төрөлжсөн музейг байгуулжээ. Хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухааны ололтыг цаг хугацаанд хэрхэн ашиглаж, бүтээл туурвисан түүхийг харуулахад музейн зорилго оршдог ажээ. Энд дэлхийн олон орны түүх соёл, шинжлэх ухааны ололтыг хослуулсан, нарийн ур хийц, ховор нандин үзмэр бүхий 250 гаруй цагийг байрлуулжээ.

Хэдэн сарын өмнө Улаанбаатарын урдаа барьдаг нэгэн музейн эрхлэгч “Жуулчдаас өөр музей үзэх хүн ховордлоо. Музей үзэж танин мэдэж, соён гэгээрэх хүсэлтэй хүн улам л багаслаа” гэж байсан нь санаанд оров. Нээрэн ч Улаанбаатарын музейгээр ороход хаа нэг таарах жуулчдаас өөр хүнгүй байдагсан.

Харин энд жуулчдаар тогтохгүй хүүхдээ дагуулсан ээж, аав, олноороо хөгжилдөх охид, хөвгүүд ч эргэн тойронд харагдана. Энэ нь музейгээр дамжуулан түүх соёлоо таниулж, соён гэгээрүүлж, жуулчдыг татахаас гадна нутгийнхан ч чөлөөт цагаа өнгөрөөхөд тухтай, тааламжтай байдлаар тохижуулсантай холбоотой хэмээн тайлбарлагч дурдаж байсан юм. Музейг үзэхэд насанд хүрэгчид 6000 вон, залуус 5000 вон, хүүхэд 4000 воны үнэтэй. Энэ нь монгол мөнгөөр 6-10 мянган төгрөг.

Галт тэргэн музейн эхлэл хэсэгт цагны үүсэл, хөгжлийн тухай дурджээ. Зөвхөн нартай үед л баримжаа авч болох нарны цаг энд бий. Шөнө дөл, үүлэрхэг өдөр цаг баримжаалах боломжгүйг тооцоолон гаргасан, дараагийн хувилбар болох усан цагийг ч музейд байрлуулжээ. Тайлбарлагчийн хэлснээр анхны усан цаг нь хоёр давхар барилгатай тэнцэхүйц хэмжээтэй байсан аж.

Энд нарны, усан, тосон, лаан гээд хугацаа баримжаа авахад ашигласаар ирсэн олон төрлийн цагийг байрлуулжээ. Саванд тос хийж орхино. Тос уусч алга болох хэмжээгээр цагийг баримжаална. Мөн лаа асааж, сүүдрээр нь баримжаа авдаг эртний цаг ч бий. Сараалжилж, мушгиралдсан төмөр, мод, чулуугаар хийсэн сонирхолтой цагийг Солонгост эрт дээр үед түлхүү ашигладаг байжээ. Эргэлдсэн замаар бөмбөлөг тойрно. Бөмбөлөг нэг удаа тойроход 15 секунд өнгөрснөөр тооцоолдог ховор цаг ч энд бий.

Музейн хамгийн хүнд цаг нь 70 кг жинтэй, хээ угалзаар чимэглэсэн, чамин хэлбэр хийцтэй. Ийм төрлийн цагийг ихэвчлэн эрх ямбатнуудын өрөөнд байрлуулдаг байжээ. Мөн Титаник хөлгөөс олдсон цагийг ч байрлуулсан харагдана.

Ийнхүү “галт тэрэгний” аялал өндөрлөж, цаг хугацааны машинд хүслээ бичиж хийнэ. Та өөрөө өөртөө захидал бичээд 2018, 2020, хэдэн онд захиагаа илгээмээр байгаагаа сонгосноор цаг хугацааны музейн аялал өндөрлөнө.

Энэ бүгдийн эцэст Монгол түмний цаг хугацааны тооцоо, уламжлалыг эргэн нэг бодож үзэв. Монголчуудын хувьд тэнгэр хангайн байдлаас цагийг баримжаалдаг байсан гэдэг. Цаг агаар, уур амьсгалыг шинжиж явсаар цагийг нарийн тооцоолж, жилийг дөрвөн улиралд хуваасан байдаг. Түүгээр ч зогсохгүй зөвхөн монголчууд л мэдэх гэрийн наран цаг гээчийг ашиглаж ирсэн байдаг. Тооноор тусах нарны гэрлээр баримжаалсан цаг хугацааны хэмжүүрийг монгол гэрийн наран цаг гэнэ.

Ингээд бодоход ганцхан цаг хугацааны тооцоолуур дээр л гэхэд монголчууд жуулчдад сонирхуулах, сурталчлах, бүр музей ч байгуулах хэмжээний түүхтэй мэт.

Малчин ардын гэрийн наран цаг л гэхэд нарийн хуваарьтай:

  1. Өглөөний нар тоононы хуруунд
  2. Өглөөний нар унины толгойд
  3. Үдийн нар хойморт (үд голлож байхад, жин үдэд, тулгын хойно байхад)
  4. Үдийн нар хэвийж байхад
  5. Оройн нар ханын элэг өөд авирч байхад
  6. Оройн нар ханын элгэнд

Монгол түмний цаг хугацааны хэмжүүр, түүнээс үүдсэн цагны анхны хувилбар, гэрийн наран цаг гээд музей болгон жуулчдад сонирхуулах түүх соёлолон бий. “Монголд жуулчдыг татах түүх соёл, онгон байгаль, зан заншил, дурсгал олон бий. Жуулчдыг татах нь ч тодорхой. Гэхдээ дэд бүтцээ л шийдэх хэрэгтэй” хэмээн нэгэн археологич хэдэнтээ учирлаж байсан нь цаг хугацааны музейгээр аялж байхад ч эрхгүй санаанд бууж байлаа.

Б.ЗОЛЗАЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ