Авлигачид АТГ-тай тэмцэхээ больчихвол...

Авлига Монголын нийгмийг хэрсэн гэх ойлголт хүмүүсийн тархинд суугаад удаж байна. Нийгэмд ийм үзэл бодол төлөвшихөд төрийн албыг хувийн сонирхолдоо ашигласан хүмүүс буруутай. Хээл хахуулийн хэрэг газар авахаас сэргийлж авлигатай тэмцэх тусгай байгууллагыг ажиллуулах ёстой гэж үзсэн Монгол Улс 2006 онд АТГ-ыг байгуулсан. Энэ байгууллага албан тушаалтнуудын холбогдсон гэмт хэргийг дагнан шалгах болсон тул УИХ 2007 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж тус газрын мөрдөн шалгах хүрээний хэргийг тусгаарлаж байв.

АТГ байгуулагдснаас хойш монголчуудын амьдралд юу өөрчлөгдсөн бэ. Өнөөдөр энэ асуулт олны анхаарлын төвд одоо ч байсаар байна. Юутай ч байгуулах нь зөв, буруу гэсэн шүүмжлэл дагуулан байж өрхөө татсан АТГ өнгөрсөн он жилүүдэд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ хангалттай бичсэн яваа. Ингэж хэлэх шалтгаан бий. АТГ байгуулагдснаар төрийн өндөр албан тушаалтнууд болон тодорхой хүрээний албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж хэвшсэн нь үнэн. Үүнээс гадна авлигын олон гэмт хэрэг ил болж, тус газар шалгагдсан гэмт хэргүүд шүүхээр шийдэгдэж, улсад учирсан хохирлууд эргэн төлөгдөж эхлээд байгаа. Үүнийг МИАТ-ын удирдлагуудын хэрэг, Нүүрс хөтөлбөрийн хэрэг, Ашигт малтмалын газрын дарга нарын зэрэг нийгмийн анхаарал татсан хэргүүдийн дуулиан гэрчлэх юм.

Шүүхээр шийдэгдсэн хэргийг дагаад авлига авсан хэмээн буруутгагдсан хүмүүсийн зүгээс энэ газрыг хууль бус ажиллагаа явууллаа, хүний эрхийг хөсөрдүүллээ гэсэн маргаан тасардаггүй. Хэрэгт холбогдогчид буруугаа далдлан олон нийтийн үзэл бодолд аль болох хүчтэй нөлөө үзүүлэх алхамыг хийцгээдэг.Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэдэг үгийг санагдуулам ийм яриа АТГ-ын нэр хүндийг тодорхой хэмжээгээр доош нь чангаадаг. Авлигын эсрэг тэмцэж байгаа ганцхан байгууллагаа монголчууд буруутгаад эхэлбэл энэ улсад хэн авлигатай тэмцэх вэ. Татвар төлөгчдийн мөнгө буруу гараар орчихоод байгааг хэн илрүүлэх вэ? Эсрэг тэсрэг энэ хоёр байр сууриас ийм асуулт заавал гарч ирнэ.

Ямартаа ч АТГ байгуулагдсанаар тодорхой хэмжээнд төрийн өмчийг шамшигдуулахгүй байх үзэл төлөвшиж ирсэн нь үнэн. Мөн иргэд авлигын гэмт хэргийн хор нөлөөнөөс бага ч атугай хөндийрсөн. Эрүүл мэнд, боловсролын салбарын бүх шатанд үүрлэсэн хүнд суртал, мэргэжлийн хоцрогдол, гар харахдагуулж, мөнгө харах үзэгдэл бага багаар буурч, иргэд эмнэлэг боловсролын гээд төрийн байгууллагуудаар чирэгдэл багатай үйлчлүүлдэг болоод байгаа. Энэ бол АТГ-ын авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн гэж хэлж болно. АТГ авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг тасралгүй хийсээр байгаа. 2012 оноос хойш тус газар Засгийн газрын 120 гаруй байгууллагуудад ил тод шийдвэр гаргалт, сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжүүлэлт, мэдээллийн тухай хуулийн эрх, шилэн дансны тухай хуулиар авлигын эсрэг ажлын үнэлгээ хийсэн байдаг. БНСУ-аас авсан аргачлалын дагуу АТГ шалгах хуудас боловсруулж, хуулийн фирмээр үнэлгээ хийлгэж хэвшсэн нь Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний байгууллага байгуулагдснаасаа хойш есөн жилийн дотор өөрийн гэсэн ажиллах зарчим, өнгө төрхөө олчихсон байгааг харуулж буй.

Нөгөө талаар АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор цөөнгүй жил болж байгаа. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллагаАТГ-ын саналыг “сонсдог”. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг бөгөөд АТГ ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг хуультай. Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөхтохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэг болсон. Түүнчлэн АТГ авлигын судалгаа хийхдээ авлигын эсрэг байр сууриа илэрхийлдэг ТББ–ыг татан оролцуулдаг болсон байна. Төрийн бус байгууллагуудад хаалттай байдаг гэж хэлэгддэг энэ газар үүдээ нээж олон нийтийн дунд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн ойлголт, уур амьсгалыг өөрчлөхөд нэмэр оруулж яваа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ