Элгээ хоргүйжүүлэх хамгийн тохиромжтой улирал бол хавар юм
Элэг бол хүний биеийг хоргүйжүүлэх, эрдэс тэжээлээр хангах хамгийн чухал эрхтэн бөгөөд хүнийг унтаж байхад зүрх болон элэг тасралтгүй ажиллаж үүргээ гүйцэтгэсээр байдаг. Бидний идсэн хоол хүнс, авто машины болон нүүрсний утаа гээд хүний биед нэвтэрч буй бүхий л хорыг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс элэг өөрөө маш их хорддог бөгөөд элгийг хоргүйжүүлэх амраах хамгийн тохиромжтой улирал нь хавар юм. Энэ талаар “Шагдарсүрэн” эмнэлгийн элэгний их эмч Ш.Түвшинтөгс “Элгийг хоргүйжүүлэх гарын доорх хамгийн энгийн бүтээгдэхүүн бол хүрэн манжин, улаан лууван. Шүүсийг нь ууж болно. Хүрэн манжинг жигнэх юм уу, чанаж шүүсийг нь гаргаад бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэртэй хольж ууж болох юм. Эрүүл амьдрахад шаардлагатай юмс бидний хажууд л байгаад байна. Манайхан л анзаарахгүй байгаа болохоос. Эрүүл амьдрах гэж гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглэх шаардлагагүй” гэлээ.
-ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-
Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлэнэ. Цэвэрлэсэн манжингаа 10-15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг авна. Энэ шүүсийг байнга ууж хэрэглэх нь элгийг хоргүйжүүлэх тустай. Шүүсийг дангаар нь ууж дасталаа бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл, хаврын улиралд хэрэглэвэл илүү тустай.
-УЛААН ЛУУВАНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ-
Хүнсний ногооны сойзоор сайтар үрж, зориулалтын жимс угаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлэсэн луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж дасталаа усаар бага зэрэг шингэлж ууж болно. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр дор нь уувал маш сайн.
Б.ЦОГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ