Ой доторх зуслангийн газрыг өмчлүүлэхгүй

Хаврын урин дулаан улирал наашилж, ханш нээхтэй зэрэгцээд хотын ногоон бүс буюу зуслангийн газрыг хувьчлах ажил энэ сарын 11-ний өдрөөс эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зуслангийн эзэмшил газраа хувьчилж авах иргэдийн анхаарах зүйлийн талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ажилтнуудаас уншигчдын хүсэлтээр тодруулга авсан юм.

-Зуслангийн газраа хувьчилж авахын тулд хаана, хэрхэн хандах вэ. Хэчнээн айл хувьчлалд хамрагдах тооцоо байгаа бол?

-Иргэдийн зуслангийн газраа өмчилж авах хүсэлтийг дүүргийн Өмч, газрын харилцааны албад цахимаар хүлээж авна. Үүнд урьдчилсан байдлаар18 мянга гаруй айл өрхийн нэгж талбарын дугаарыг олгож, хувьчлалд хамрагдах боломжтой. Энэ нь зуслангийн гол бүс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.

-Хот дотор хашаа байшинтай боловч зуслангийн бүсэд ч газартай хүн бол яах вэ?

-Монгол Улсын иргэн бүрт гэр ахуйн зориулалтаар хашааны болон зуслангийн газрыг өмчлүүлэх хуулийн заалт бий. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр болон түүний орчим дахь /манайхан хашааны гэж нэрлэдэг/ газрыг иргэд хувьчлаад авчихсан. Энэ нь иргэдийг үл хөдлөх хөрөнгөтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгч байгаа юм. Зуслангийн газрыг ч энэхүү аргачлалаар өмчлүүлэх ажлыг эхэлж байна. Үүнд, Улаанбаатар хотын харьяат, өмнө нь хашааны газар авч байгаагүй, зуслангийн бүсэд газрын эзэмшилтэй иргэдийг хамруулна гэж ойлгох хэрэгтэй. Хуульд иргэн нэг л удаа газар өмчлөх эрхтэй гэж заасан учраас газрын давхар өмчлөлийн асуудлыг ярих боломжгүй. Тиймээс хотод хашаа, газартай хүн гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр зуслангаа бүртгүүлэх ч юм уу шилжүүлж болох юм. Түүний дараа өмчлөлийг ярина.

-Зуслангийн газар маш замбараагүй байрлалтайгаас гадна нэг айл 0.07 га-гаасаа хэд дахин том газартай байх нь олонтаа. Энэ нөхцөлд хэрхэн шийдвэрлэх вэ?

-Зуслангийн газрын өмчлөлийн талаар олон жил ярьж, судалгааны ажлыг жил бүр хийдэг. Түүнийг нийслэлийн хот төлөвлөлттэй аль болох уялдуулахыг хичээж байгаа юм. Энэ нь иргэдтэй холбоотойгоор удааширч байдаг тал бий. 2000 оноос хойш иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдоод ногоон бүсэд байнга оршин суух айл өрхийн тоо огцом өссөн. Дээр нь иргэд дураараа хашаа хатгаж, байшин барилга босгож, нэг айл өрхөд ногдох талбайг хэтэрхий тэлсэн гээд хүндрэлтэй асуудал олон. Энэ бүхнийг хот, дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны хэлтэс, албадтай хамтарч иргэд­ тэй ярилцаж зохицуулахын төлөө ажил лаж байна. Тэгэхгүй бол оршин суугчдын дотор нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг, худаг ус, дэлгүүр хоршоо болон айл өрхийн орж гарах зам талбайг хааж боосон, зохисгүй суурьшил ч цөөнгүй байдаг.

-Ногоон бүсэд газар өмчлөхөд хориглох зүйл заалт гэж бий юү?

-Байна. Тухайлбал, Ойн тухай хуульд зааснаар ой модон дотор юм уу ойн захаас 100 метрийн дотогш газар эзэмшиж байгаа, гол усны эх гольдролоос мөн төдий хэмжээний зайд байрласан бол тухайн газрыг эздэд нь өмчлүүлэх боломжгүй. Зөвхөн газар эзэмшиж болно. Мөн нийслэлийн хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусгасан нийтийн зориулалттай барилга байгууламж, зам талбайтай давхцаж буй газарт өмчлөл явуулах боломжгүйг анхаарах хэрэгтэй.

-Иргэд зуслангийн газраа өмчлөх хүсэлтээ www.land.ulaanbaatar.mn вэб сайтад бүртгүүлэх шаардлагатай гэлээ. Үүнээс гадна анхаарах зүйл юу байх вэ?

-Зусланд эзэмшиж байгаа газар нь мэдээллийн санд бүртгэлтэй, кадастрын зурагт тэмдэглэсэн буюу өөрөөр хэлбэл, ямар нэг эрхийн зөрчилгүй байх ёстой. Үүний үндсэн дээр газар эзэмших /манайхан ногоон гэж нэрлэдэг/ гэрчилгээтэй байвал зохино. Эдгээрээс гадна дүүргийн Өмч, газрын харилцааны албатай хийсэн газар эзэмших гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын төлбөрөө төлсөн баримт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

-Газрын төлбөрөө нөхөж хийж болох уу?

-Иргэд хайхрамжгүйгээсээ болоод нэг захирамж гаргуулж, ногоон гэрчилгээгээ авчихвал санаа нь амарчихдаг тал бий. Тиймээс гэрээгээ хийсэн үү үгүй юү, газрын төлбөрөө төлсөн эсэхээ сайтар шалгах нь чухал. Газрын төлбөрийн хувьд хэдэн сар, жилийнхийг ч нөхөн төлөх бололцоотой. Энэ нь бүрдүүлэх гол материалын нэг гэдгийг мартаж болохгүй.

-Нэг газар төвхнөөд олон жил болчихсон, зун болгон зусландаа гардаг айл газар эзэмших гэрчилгээ аваагүй бол яах вэ? ­

-Нэгэнт суурьшаад цөөнгүй жил болчихсон, кадастрын зурагт өөр айл өрхтэй давхцалгүй тохиолдолд шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлэхээс өөр яах билээ. Ингэж байж л өмчлөлийн талаар ярина шүү дээ.

-Манайхан нэг юм болохоор л шуурчихдаг гэмтэй. Зуслангийн газрын өмчлөл хэдий хугацаанд явах вэ?

-Нэг анхаарууштай асуудал нь энэ. Зус­ла гийн газрыг өмчлөх, бүртгэх ажилд хугацаа заасан юм байхгүй. Иргэдийн цаг хугацааг хэмнэх, явдал суудлыг хөнгөвчлөх үүд нээс хүсэлтийг цахимаар авч байгааг ойлгох хэрэгтэй. Шаардлага гарвал хот, дүүр гийн Өмч, газрын харилцааны хэлтэс, албадад биеэр болон утсаар хандаж лавлагаа, мэдээлэл авч болно.

-Зуслангийн болон хашааны газрын алийг нь ч эзэмших, өмчлөх гэрчилгээ аваагүй. Өөрөөр хэлбэл, огт газаргүй иргэд яах вэ. Нөгөө л сугалаагаа хараад сууж байх уу?

-Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн газрын нөөц дууссан. Одоо зуслангийн газар эзэмшдэг айл өрхийг өмчлөлд хамруулах, тэнд газартай иргэдийг бичиг баримтжуулах л ажлыг хийж гүйцэтгэнэ. Хашааны газрын тухайд нийслэлээс хийсэн зохион байгуулалтын дагуу явах байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ