З.Энхболд, Сумитра Махажан нар ХСҮТ-д ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллалаа.
Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05 дугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийхдээ Хавдар судлалын үндэсний төвд дээрх хоёр аппаратыг хандивласан. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Панацеа Медикал техноложис” компанид үйлдвэрлэсэн эдгээр аппаратыг хоёр улсын инженер, мэргэжилтнүүд хамтран суурилуулж, туяа эмчилгээнд ийнхүү ашиглахад бэлэн болгосон байна.
Туяа эмчилгээний төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппарат нь рентген харалтын тусламжтайгаар хүний биед байгаа хавдрын голомтыг цаг алдалгүй оношилж, эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлдэг байна. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппарат нь хүний биеэс тодорхой зайд байрласан цацраг идэвхит Кобальт-60 үүсгүүрээр гарч байгаа гамма цацрагаар хорт хавдрын эсэд үйлчилж, эсийн хуваагдлыг сааруулах, зогсоох өвөрмөц эмчилгээг хийдэг юм байна.
Хавдрын эмчилгээний хоёр хэмжээст төлөвлөлтийн “Имэжин” энгийн симулятор аппаратаар өдөрт 2-3 хүнд, жилдээ 300-400 өвчтөнд оношилгоо хийнэ. Харин зайн туяа эмчилгээний “Бабатрон II” аппаратаар толгой, хүзүү, тархи, улаан хоолой, уушги, хөх, умайн хүзүүний зэрэг хорт хавдрын зайн туяа эмчилгээг өдөрт 30-50 хүнд жилдээ 600-800 өвчтөнд хийх боломжтой гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар танилцуулсан.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан өнөөдрийн энэхүү арга хэмжээ хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрт өргөжиж, бодит ажил хэрэг болж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд хүн амын эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийх нь юу юунаас илүү чухал болохыг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ