Алаагүй баавгайн арьсны тухай яриа ч үнэний ортой байдаг юм даа

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр хаалттай хуралдсан. Тус хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

-ҮЗХ-ны хурлаар ямар шийдвэрүүдийг гаргасан бэ?

-Өчигдрийн хуралдаанаар АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн шийдвэрийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу гаргалаа. Мөн АН өөр ямар нэгэн нам эвсэлтэй эвсэхгүй дангаараа оролцоно гэдэг эцсийн шийдвэрийг гаргасан. ҮЗХ-оор хэлэлцсэн дараагийн асуудал бол 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа.

-Мөрийн хөтөлбөрийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“Монгол хүн 2020” гэдэг мөрийн хөтөлбөртэй орно. Өмнөх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнээд 2020 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хийх хэрэгжүүлэх ажлаа шинэчлэн тусгаж өглөө. Мөриийн хөтөлбөрийн гол агуулга нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах түүгээрээ дамжууулж иргэдийн аж амьдралыг сайжруулах, дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх, таван хошуу малаа шүтэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нилээн тодорхой асуудлуудыг оруулсан. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө нэг бүрчлэн ярихад арай эрт байна.

-Таныг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн үү?

-Үгүй. Дээрх хоёр асуудлыг л хэлэлцсэн.

-ҮЗХ-ны хурал нам доторх фракциудын талцал багагүй яригдаж халуухан уур амьсгалтай болно гэж хэвлэлийнхэн төдийгүй улстөрийн хүрээнд харж байсан. Энэ талаар ярилцав уу?

-Тэр тийм сонин байна уу.

-Сонин байна. АН-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Загсийн газраа огцруулна гэж мэдэгдээд, анхаарлын төвд байгаа Х.Баттулга гишүүн хуралдаа ирээгүй нь анхаарал татаж байна.

-ҮЗХ-ны хурлаар фракцийн талцлыг огт яриагүй, хэлэлцээгүй. Ирцийн тухайд 60 гаруй хувьтай байсан. Х.Баттулга гишүүн бол ҮЗХ-ны л нэг гишүүн. Тиймээс түүнийг онцолж анхаарсангүй. Яагаад хуралдаа ирээгүйг нь би шууд хэлэх боломжгүй байна. Х.Баттулгаас ч асуусангүй. Уг нь зар хүргэсэн юм.

-Засгийн газраа огцруулна гэж мэдэгдэл хийгээд яваад байгаа Л.Эрдэнэчимэг гишүүний асуудлыг ч яриагүй гэж үү?

-Намын удирдлагын хувьд олон жилийн турш улстөрд явсан хүний хувьд Л.Эрдэнэчимэг гишүүний мэдэгдлийг таатай хүлээж аваагүй. Энэ бол ердөө улстөрийн төлөвшлийн асуудал. Хувь хүний натур нь л гарч байгаа гэж харсан.

-МАН МАХН эвсэхээ мэдэгдлээ. Таны намын гишүүд үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Бид процессийг харж байна. Гэхдээ эцсийн шийдвэр нь гараагүй л байна шүү дээ. Манай намынхан энэ хоёр нам эсвэх битгий хэл нэгдчихээсэй гэж үзэж байгаа. АН өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа эвсэж үзсэн. Эвсэхийн зовлонг туулаад гарсан. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл гэж эвсээд дөрвөн удаа засгаа огцруулж байлаа. Учраа олохгүй байсан гэх үү дээ. Манай намынхан ч 30-37 насны залуучууд байлаа. Мөн 2004 онд эвслийн засгийн газраа унагаж, бүлэггүй явж үзсэн.Эвсэл тарчихаар бүлэггүй болчихдог юм. 2016 оны сонгуульд манай намтай эвсэх саналыг цөөнгүй улстөрийн хүчин тавьсан. Гэхдээ бид энэ удаагийн сонгуульд дангаараа оролцохоор сэтгэл шулуудлаа. Алаагүй баавгайн арьсны тухай яриа ч үнэний ортой байдаг юм даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ