Ц.Нацагдолгор: Монголд гэр бүлийн задрал явагдаж байна

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ц.Нацагдолгортой ярилцлаа.

БИД ӨӨРИЙН ГЭХ ЮМАА ГЭЭСНЭЭС БОЛЖ ЯДУУРСАН

-УИХ-ын хаврын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Гэхдээ гэр бүлийн тулгамдсан асуудлуудыг ганц хууль баталснаар шийдэхгүй байх?


-Гэр бүлийн талаархи хууль, тогтоомжууд байгаа ч хэрэгждэггүй. Анх Гэр бүлийн тухайн хуулийг 1963 онд баталсан. 1999 онд шинэчилсэн найруулга хийсэн байдаг. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гээд тоочоод байвал бий бий. Яагаад хэрэгждэггүй юм гээд харахаар эзэн биегүй байна. Дээр нь манай төр засгийн албан тушаалтнууд хуучин арга барилаасаа салаагүй. Бодлого боловсруулагчид нь бид хийдгээ хийчихлээ, одоо хэрэгжинэ гээд хүлээгээд байдаг. Тэр нь ерөөсөө хэрэгжихгүй байна. Бидний сонгосон энэ нийгэмд бүх юм доороосоо санаачилга гарч, иргэд асуудлаа хэрхэн шийдвэрлэхэд оролцож, өөрсдийн үг шийдлээ хэлж, хийж, хэрэгжүүлж явах ёстой. Гэтэл хуучин дээрээс хүлээдэг арга барил сэтгэлгээ салахгүй яваад байна. Сэтгэл­гээний шилжилт удаан явагдаж байна. УИХ-ын гишүүн асан Г.Занданшатарын хэлээд байгаа зөвлөлдөх ардчилал бол зөв. Үнэхээр иргэдээ боловсролтой болгоё, мэдээлэлжүүлье, тэдэнд эрхийг нь олгоё, иргэд өөрсдөө асуудлыг шийддэг, сонголтоо хийдэг болгоё гэвэл зөвлөлдөх ардчиллын зарчмаар анхан шатнаасаа эхлээд саналаа гаргаж, дээрээ ирж зангидагдаад тэр нь хууль болон эрх зүйн актад тусгагдан хэрэгжих ёстой.


-Гэр бүл, эмэгтэйчүүдэд чиглэсэн нэгд­сэн бодлого үгүйлэгдэж байна гэж олон хүн шүүмжилдэг. Харин яагаад гэдэг дээр тодорхой хариулсан нь цөөн. Таныг мэр­гэж­лийн хүний хувьд энэ талаар нэлээд үндэслэлтэй хариулт өгөх байх гэж бодож байна?


-Гэр бүлийн талаар нэгдсэн бодлого гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алиных нь асуудал. Үр хүүхэдтэйгээ яаж аз жаргалтай амар тайван амьдрах тухай асуудал. Энэ хоёр талтай. Нэг талд мэдээж орлогын байдал их хамаатай. Орлого, эдийн засаг гэдгийг дангаар яриад байж болохгүй байна. Шилжилтийн гэгдэх 25 жилд гэр бүлд хамгийн их яригдсан сэдэв нь мөнгө. Гэтэл мөнгө яриад бид өөрчлөгдөв үү гэвэл үгүй. Харин эсрэгээрээ байснаасаа улам дордоод байгаа. Мөнгөний сэдвийн нөгөө талд эсрэгцүүлээд тавих юм нь сэтгэлийн боловсрол. Түүнгүйгээр хүмүүс хөндий хүйтэн тооцоотой болж байна, ойрын ашиг хардаг харалган болж байна. Энэ бол шилжилтийн он жилүүдэд нийгмийн ухааныг шоовдорлосны, эх түүх соёлоо огоорсны, гаднын юмыг хэт хуулбарласны үр дагавар. Нэг илрэл бол гэр бүлийн хүчирхийлэл. Энэ бол өмнө нь бидэнд харь гаригийн нэр томъёо шиг сонсогддог байсан. Гэтэл одоо чихэнд дасал болжээ. Гэмт хэргийн шинжтэй зөрч­лийн 50 хувь нь гэр бүлийн асуудал байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Монфемнет”, “Гал голомт” хөдөлгөөн зэрэг хэдэн төрийн бус байгууллагууд лГэр бү­лийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэг­жүүлэх механизмыг батлуулахаар шав­дуу ажиллаж байгаа юм. Тэдний хэлж байгаа баримт үнэхээр аймаар. Таван жилийн хуга­цаанд 87 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн нас барсан. 2014 онд гэр бүлийн хүчир­хийллийн улмаас 15 хүн, 2015 онд 26 хүн нас барсан байна.


-Энэ бүхний шалтгаан юу вэ?


-Өнгөрсөн 25 жил мөнгийн тухай яриад хүүх­дийнхээ тухай ярихаа больсон. Гэр бүлдээ бие биеийнхээ сайн сайхны тухай ярихаа больсон. Бие биедээ урмын үг хэлэх нь ховордоод байна гэдгийг харуулсан судал­гаанууд олон байна. Зарим хүн ололт юм шиг яриад байдаг ч яг үнэндээ 25 жилийн дараа харахад гаднын гэх бодлогуудыг ихэд импортолсон. Тиймээс өнөөгийн нийгэм, нийг­­мийн харилцаа их харгис, хатуу цэвдэг, бие биедээ хайхрамжгүй ханддаг болж байна. Хамгийн гол нь бид өөрсдийн гэх сэтгэлгээ, өв уламжлал, соёлоо алдаж эхэлж байгаа юм. Гаднын бүх юм сайхан, манай бүх юм муухай гэдэг. Ялангуяа энэ 25 жилд тэр сэтгэлгээ хүч­тэй явлаа. Тэгээд гаднаас импортолсон юм болгон сайн сайхан юм шиг, өөрсдийн юм болгон муухай юм шиг ярилаа. Уг нь бид чинь 800 мянган жилийн тэртээгээс энэ нутаг дээрээ аж төрж ирсэн өвөг дээдсийн удам, бичиг­дээгүй хуультай ард түмэн. Нүгэл гэдэг ганцхан хуультай байсан. Гэтэл хариас хуулж ирсэн юмаа энд нэг их төгс төгөлдөр юм шиг яриад байх болсон. Гэхдээ би нэг юмыг ойлгож байгаа. Даяаршиж байгаа нийгэмд монгол залуус орчин цагтай хөл нийлүүлж амьдрах ёстой. Дэлхийн соёлыг авах ёстой. Аливаад авах гээхийн ухаанаар хандах ёстой. Алийг нь бид авах юм. Аль нь манай үнэт зүйл юм гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Яг одоо даяаршиж байгаа улс орнууд өөрсдийнхөө соёлын өвийг, биет бус өвийг хадгалах тал дээр толгойгоо гашилгаж байна. Солонгосын “Ариранг” телевиз үндэснийхээ соёлыг даяарш­­­лын үед яаж авч үлдэх вэ гээд ярьж бай­на. Солонгос хэдэн сая хүнтэй билээ. Гэтэл бид гуравхан сая. Тэгээд залуучуудын орон. Залуу­чууд угаасаа гаднын шинэ юманд сониуч байдаг. Дээр нь геополитикийн хувьд хөрш зэргэлдээ улс орнууд хүчтэй бодлого явуулдаг. Энэ нөхцөлд Монголыг Монголоор нь яаж авч үлдэх юм.


-Харин яаж авч үлдэх вэ?


-Монголчуудын сэтгэл зүйн дархлаа юундаа байв гэхээр өрх бүлд хадгалагдаж байсан. Чи бол монгол хүн учраас ийм байх ёстой. Бид бол монголчууд, Чингисийн монголчууд гээд. Чингисийн монголчууд гэдэг бол бидний омгорхох юм мөн байлгүй яах вэ. Гэхдээ хоосон омгорхол бол хэлбэр төдий, хөөс төдий. Бид хэрвээ үнэхээр тэгж омгорхох гээд байгаа юм бол урт удаан хугацааны түүхээ таньж мэдээд түүх дотроосоо бид хэн бэ гэдгээ мэдэж авах ёстой. Гэтэл өнөөдөр залуучуудаас монгол хүн гэж хэн бэ гэхээр мэддэггүй. Орос хүн гэж хэн бэ, хятад, америк хүн гэж ямар хүн бэ гэхээр тэдэнд төсөөлөл байдаг. Монгол хүн гэж ямар хүн бэ гэхээр харин амиа бодсон, хулхиддаг гэх мэтээр л хэлж байна. Энэ хэлээд байгаа монгол хүний зан чанар яг үнэхээр монгол үндэстний зан чанар юм уу. Би биш гэж бодож байна.


-Тэгвэл монгол хүний уг зан чанар нь юу юм бэ?


-Хүнийг хүмүүжүүлэх ёстой шашин, боловсрол, соёл, урлагийн байгууллага зэрэг нийгмийн институциуд нэгдмэл үнэт зүйлээ мэдэхгүй юм уу, эсвэл байхгүй гэж огшсоны хар гай, үр дүн нь одоо ямар болж байна гэхээр монгол гэж бие биеэ танихаа байжээ. Олон нийтийн сүлжээгээр яаж талцаж байна. Энэ талцал бол монгол үндэстний дархлаанд аюул учруулж байна. Бид хөгжлийн нэг шатнаас нөгөө шатанд гарсан. Хүний хөгжлийг аваад үзэхэд нэг шатнаас дараагийн шатанд гарахад сэтгэл зүйн шинэ бүрдэл бий болдог. Шинэ идеал хэрэгтэй болдог. Шинэ хэрэгцээ гарч ирдэг. Тэр хэрэгцээг яаж хангах вэ гэдэг асуудал тулгарна. Энэ нь нэг бол эерэг нэг бол сөрөг өөрчлөлтийг авчирдаг. Яг түүнтэй адил улс үндэстний хөгжил гээд аваад үзэхээр бид хөгжлийн шинэ шатанд гарсан. Харах өнгөнд юм өөрчлөгдөөд байгаа юм шиг хэрнээугтаа бол бид өөрийн гэх бүх юмаа гээгээд маш их ядуурч байна. Мөнгөөр үнэлэхийн аргагүй үнэт зүйл гэж бий.


-Улс үндэстэн маань хөгжлийн шинэ шатанд гарсан ч хүний хөгжлөө орхиг­дуулсан гэсэн үг үү?


-Энэ 25 жилд нийгмийн шилжилтүүд огт хийгдээгүй явж байгаа. Эдийн засгийнхаа сис­­темийг бид шийдчихсэн. Улс төр, эдийн засаг, даяаршиж байгаа ертөнцийн шаард­лага, тогтвортой хөгжлийн зорилго энэ бүхэн­тэй уялдуулаад нийгмийн шинж­тэй шил­жилтүүдийг хийх ёстой. Ийм шил­жил­түүдийг эрэгтэй хүмүүс хийдэггүй юм байна. Эр хүн муудаа биш. Уг натур нь тийм. Эмэгтэй хүн бол гярхай учраас юмыг нарийн хардаг. Нэг шилжилтээс нөгөө шилжилтэд ороход сэтгэлгээний өөрчлөлт алга урвуулахтай адил амархан болдоггүй юм байна. Бид улс төрийн өөрчлөлт шилжилтийг амархан хийчихсэн. Эдийн засгийн шилжилтийг хийчихсэн. Ингэнэ гээд л шийдчихсэн, буруу ч бай зөв ч бай бандан тас гээд л. Гэтэл хүмүүсийн ханд­лага, сэтгэлгээ, зан үйлийн өөрчлөлт амар явдаггүй. Хоёрдугаарт, үүнд анхаарал ч тавиагүй.


-Гэр бүл хэврэгшиж байгаа нь юутай холбоотой вэ. Үүний шалтгааныг хувь хүн гэхээс илүү нийгмийн орчноос нь хаймаар санагддаг?


-Хүмүүжлийн институц гэдэг цэцэрлэг, сургууль, шашин, гэр бүл, урлаг, соёл, хэвлэл мэдээлэл. Бид бодлогоо алдчихсан. Урлаг арил­жааны хэлбэрт ороод мөнгө хөөсөн. Сургууль, цэцэрлэг уламжлалаа алдсан. Гэр бүлд задрал явагдсан. 80 гаруй мянган өрхийн 12-13 хувь нь өрх толгойлсон эцэг буюу эх. Нийт өрхийн 10 хувь өрх толгойлсон байна гэдэг нийгмийн тэнцвэр онц ноцтой алдагдаж байгаагийн жи­шээ. Өмнөх нийгэмд идеологи байсан, бас гэр бүлийн амьдралыг дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн байна. Гэтэл одоо 10 гэр бүлийн нэг нь сална гэдэг бол нийгмийн шалт­гаант үзэгдэл болтлоо газар авсан байна.


-Гэр бүлтэй болж үүрэг, хариуцлага хүлээх, ганцаараа эрх чөлөөтэй байх хоёрын алийг сонгох вэ гэвэл ихэнх залуус хоёр дахийг сонгох байх. Эндээс зөрчил үүсээд байх шиг?


-Эрх чөлөө хэм хэмжээндээ л байх ёс­той. Тэрнээс хэтэрч, хил хязгаараа даваад яв­­чихвал анархизм болно. Хүний эрхийг хөндөх­­­гүйгээр өөрийн эрхийг эдэлнэ гэдэг бол соёл. Бид энэ соёлыг ардчиллын жи­лүүдэд сургасангүй. Монгол гэр бүлд олон мянган жилийн уртад тогтож төлөвшсөн соёл гэж бий. Ёс заншил, бидний хэл сэтгэлгээнд байгаа хүнийг төлөвшүүлэх тэр арга ухаан энэ бүхэн өвөрмөц. Орчин үед мэдээж үүнээс гээх юм байгаа. Ардчиллын хэм хэмжээ, соёлыг уламжлалын дэвшилтэт зүйлтэй хослуулаад монгол хүнийг ийм болгоно, тэгэхийн тулд хүмүүжлийн институциуд нь нэг зорилготой ингэж ажиллах ёстой гэсэн тууштай бодлого, бас төрийн тогтолцоо байх учиртай.


-Хөдөө, хотын ялгаа их. Хөдөөгийн нөх­цөлд хүний хөгжлийн талаар ярих хэцүү. Гэхдээ хөдөө л жинхэнэ монгол уламжлал, зан чанар байна гэдэгтэй санал нийлэх үү?


-Гэр бүлийн уламжлалын дэвшилтэт юмыг хадгалах хэрэгтэй байгаа юм. Хөдөө яагаад аятайхан байна вэ гэхээр хөдөлмөрийн хуваариас шалтгаалж байгаа юм. Мал маллаж байгаа ахуй гэдэг бол хүссэн хүсээгүй хү­мүүсийн хөдөлмөрийг хуваарилаад өгчихөж байгаа юм. Тэнд маргаан байхгүй. Хотын залуус жишээ нь халбагаа чи угаа, аягаа би угаана, тэр чинь тэгш эрх гэж туйлшруулж байхад хөдөө тэгэх шаардлагагүй. Тэртэй тэргүй эрэгтэй хүнийхийдэг ажил энэ, эмэгтэй хүний хийдэг ажил энэ гээд хөдөлмөрийн хуваарь тодорхой. Хотод яагаад зөрчил гараад байна гэхээр олон соёлын нөлөө, соёл хоорондын зөрчил илт мэдэгдэх боллоо. Олон соёлын зөрчил бүр их яривал олон шашны нөлөө бидний тархийг яг л шар хэвлэлтэй адил хордуулж байгаа. Тиймээс монгол хүний сэтгэл зүйн дархлааны тухай ярих хэрэгтэй болно. Гэтэл өнөөдөр тэр дархлаа алга. Тэр дархлааг суулгаж өгдөг хүмүүжлийн институциуд бодлогоо алдчихсан гэж дээр хэлсэн маань ийм учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ