НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг нээлттэйгээр сонгон шалгаруулна

НҮБ-ын ээлжит ЕНБД-ыг энэ жил сонгох бөгөөд энэ асуудлаар мягмар гаригт явагдсан хуралдааны үеэр НҮБ-ын зүгээс дүрмэндээ түүхэн өөрчлөлтийг оруулсан байна. Ерөнхийдөө нууц санал хураалтын дагуу явагддаг ЕНБД-ыг сонгох үе шатыг энэ удаад НҮБ-ын гишүүн бүх улс орнуудад нээлттэй байдлаар явуулах шийдвэрийн дагуу өчигдөр эхний нэр дэвшигч, Монтенегро улсын Гадаад Хэргийн Сайд Игор Луксич Ерөнхий Ассемблейн өмнө үг хэлсэн байна. Тэрээр НҮБ нь эмэгтэйчүүд болон залуу үеийнхэнд илүү анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцолсон байна. Уламжлалын дагуу НҮБ-ын ЕНБД-ыг бүс нутгуудаас ээлжлэн сонгодог бөгөөд одоогийн байдлаар Ази, Африк, Латин Америк болон Европоос энэхүү албанд сонгогдон, ажилласан байгаа. Энэ удаад хуучин социалист лагерийн гэгддэг Зүүн Европоос НҮБ-ын ЕНБД хэзээ ч сонгогдож байгаагүй учраас одоо энэ бүсийн ээлж болсон гэж тухайн бүсийн улс орнууд болон мөн ОХУ-ын зүгээс санал дэвшүүлж байгаа юм.

Mөн энэхүү хариуцлагатай албан тушаалд хэзээ ч эмэгтэй хүн сонгогдож байгаагүй учир энэ удаад НҮБ-ын гишүүн болох 56 улс орон нэгдэн анхны эмэгтэй ЕНБД-ыг дэмжих кампанит ажлыг эхлүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг албан тушаалд 4 эмэгтэй, 4 эрэгтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Тодруулбал ЮНЕСКО-н Ерөнхий Захирал Ирина Бокова, Македони улсын Гадаад Хэргийн Сайд асан Сргжан Керим, Хорватын Гадаад Хэргийн Сайд асан Весна Пукич, Словений Ерөнхийлөгч асан Данило Турк, Молдовын Гадаад Хэргийн Сайд асан Наталиа Герман, Португалийн Ерөнхий Сайд асан Антонио Гутеррес болон мөн одоо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийг удирдаж байгаа, Шинэ Зеландын Ерөнхий Сайд асан Хелен Кларк нар нэр дэвшиж байгаа юм.

Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS

СЭТГЭГДЭЛ БИЧИХ