Сайхан мэдээ: Оюутолгой урагшлах нь
Улс оронд, Улаанбаатарт болж бүтэж байгаа зүйл нэг ширхэг ч алга гэсэн хар бараан мэдээллүүд шил дарж, Монголд албан тушаалтан, эрх мэдэлтнүүд л аз жаргалтай амьдардаг, бусад нь цөм хямраад хэцүүджээ гэж ойлгогдохоор болсон энэ цаг үед өнөө өглөө сонссон хамгийн гэрэлтэй мэдээ бол Оюутолгой ХХК ирэх тавдугаар сараас ажилчдаа нэмж авахаар болсон тухай мэдээлэл байлаа. Энэ тухай “Эрдэнэс Оюутолгой”компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2015.12.16/ гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Нийтдээ 4,4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн 20 гаруй банк, санхүүгийн байгууллагаас авахаар болсон. Гүний уурхайн санхүүжилтийн гэрээг үзэглэсэн тэр өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдрөөс эхлэн Оюутолгой ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш, цэвэр бизнесийн төсөл болж байна. Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулах, өөрсдийнхөө түншийг олж авах, зээл авах үүд хаалга нь нээгдэж байна. Монголчууд бизнестээ буцан ирлээ” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэрхүү баярт мэдээ бараг мартагдаж байтал ирэх тавдугаар сард Оюутолгой хээн зуун ажилчдаар бүл нэмнэ гэсэн сайхан мэдээ сонор мялаав. Ашгүй, Оюутолгой урагшлах нь.
Гүний уурхайн бүтээн байгуулалт гэрээг үзэглэсэн тэр өдрөөс өрнөсөн бөгөөд өдгөө ч эрчимтэй урагшилж байгаа юм байна. Одоогийн байдлаар 14 банктай гэрээ хэлэлцээр хийж эхлүүлээд байгаагаас Олон улсын санхүүгийн корпораци өнгөрсөн долоо хоногт мөнгөө шилжүүлжээ. Бусад банк, санхүүгийн байгууллагынхан графикийн дагуу мөнгөө шилжүүлэх гэнэ.
Гэхдээ үүнийг Монгол Улс, монголчууд бидмөнгөтэй болчихлоо хэмээн сүржигнэн хүлээн авах хэрэггүйг Да.Ганболд захирал онцгойлон сануулсныг энд дурдах нь зөв болов уу. Учир нь гүний уурхайн санхүүжилт бол ард иргэдэд тараах халамж биш, улстөрчдийг тэтгэх авлига ч биш гэдгийг хатуухан хэлсэн байна. Хамгийн ихээр хүлээлт үүсгээд байгаа газар нь Сангийн яам гэдгийг ч тодотгож. Энэ бол сануулахад ч багадам, бүр тунхаглабал таарахүг. “Оюутолгойн мөнгө бол зөвхөн бүтээн байгуулалтын, бизнесийн эргэлтийн хөрөнгө” гэж лоозон мэт цээжлээд, харин тэнд өрнөж буй бүтээн байгуулалтын үр ашиг монгол ажилчдад, монгол гэр бүлд хөрөнгө оруулалт болохын дээр Оюутолгойгоос татварт өгөх мөнгөөр эдийн засгийн амин судсууд тэжээгдэх юм гэдгийг л эгэл иргэд нь ч, эрх баригчид нь ч ойлгоод авчих хэрэгтэй байгаа юм.
Оюутолгойн гүний уурхай 2-3 жилдээ дуусах нь бүү хэл 4-5 жил үргэлжлэх нөр хөдөлмөр. Тэр их бүтээн байгуулалтад монгол ажилтнуудаа дуудах цаг ойрхон иржээ. “Ирэх тав, зургадугаар сараас монгол ажилчдыг олон зуугаар нь ажилд авч эхэлнэ. Оюутолгой төслийн үр нөлөө одооноос л эдийн засагт мэдрэгдэнэ. Хамгийн наад зах нь Ханбогдод уурхайн орчим хэчнээн гэр барих вэ, эсвэл бүр сэндвичэн байр барих уу, гэр баривал ямар аж ахуйн нэгжээс авах вэ, цахилгааныг нь хаанаас авах вэ, бохирыг нь хэрхэн шийдэх вэ гэх мэт сонголтоо өнгөрсөн саруудад хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар өчнөөн хүнийг багтаах кэмпийн өргөтгөлийг барихаар боллоо. Үүндээ тохирсон төсвийнхөө тодотголыг баталлаа. Ер нь тохирсон ёсоороо бүх ажил эрчимжээд, горимоороо явж байгаа” гэж Эрдэнэс Оюутолгойн захирал хэлжээ.
Тэрбээр зүгээр ч нэг ам алдчихаагүй нь мэдээж. Хэдэн зуугаараа Оюутолгойг зорих ажиллагсдын цаана хэдэн мянган хань ижил, үр хүүхэд байнгын орлоготой болж, өдрийн хоол, өмсөх хувцсандаа санаа зовохоо болино. Мөрөөдөөд суугаа шинэ орон сууцаа авахаар очиход барилгын компани,арилжааны банкууд алгаа тосоод л угтана шүү дээ. Оюутолгойгоос хүлээх хамгийн ойрын, боломжит өгөөж энэ.
Харин алсдаа бол Монголоос бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ. Элс, хайрга, бетон, цемент, хоол хүнс, ажилчдын хувцас, засвар үйлчилгээ гээд өчнөөн олон үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүд хариуцна. Гэхдээ өмнө нь Монголд байгаагүй их хэмжээний орлого орж ирнэ гэж хүлээх хэрэггүй юм. Гараа хумхиж суугаад гэнэт баяжихыг мөрөөдөхийн оронд бага ч атугай хөдөлмөрлөөд, түүнийхээ шимийг хүртэж суух нь илүү шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ